“Оддын хөлбөмбөг” бооцоот, халз тоглолт болно

2017 оны 4 сарын 24

Монголын Хөлбөмбөгийн Холбооны маркетингийн хэлтсийн ахлах ажилтан Э.Амарсайхантай ярилцлаа. 


-Танд юуны өмнө энэ өдрийн мэндийг хүргэе “Хүрхрээ” үндэсний дээд лиг 2017 нээлтийн тоглолтын өмнөх “Оддын хөлбөмбөг”  нөхөрсөг, бооцоот халз тоглолт болох талаар мөн “Хүрхрээ” үндэсний дээд лигийн тэмцээний талаар манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-За баярлалаа. Улсын хэмжээнд зохиогдож буй спортын тэмцээн уралдаануудаас хамгийн өндөр буюу 120 сая төгрөгийн шагналын сантай “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тэмцээн энэ сарын 29-нд эхлэх гэж байна. Үндэсний Үйлдвэрлэгч “Арван Үндэс” ХХК-тай МХБХ гурав дахь жилдээ хамтран ажиллаж байна. 4 жилийн хугацаанд нийт 500 сая төгрөгийн гэрээг байгуулсан байдаг. Үндэсний Дээд Лигээс гадна 1-р Лигийг мөн ивээн тэтгэж Монголын хөлбөмбөгийн төлөө жинтэй хувь нэмэр оруулж байгаа үндэсний үйлдвэрлэгч компани юм. Энэ жилийн тэмцээнд Дээд Лигийн шилдэг 10 багт 11 орны нийт 39 гадаадын тоглогчид оролцож байгаа. Энэ нь өмнөх жилүүдийнхээс өссөн үзүүлэлт. Ер нь жил ирэх тусам шагналын сан болон зохион байгуулалтын чанар түүнийг дагаад хөлбөмбөгийг сонирхох сонирхогчид, тоглогчид, үзэх үзэгчдийн тоо нэмэгдсээр байгаа. Энэ жилийн нээлтийг бид өмнөх жилүүдийнхээсээ илүү сонирхолтой, үр өгөөжтэй, илүү гоё болгох үднээс нээлтийн тоглолтын өмнө урлаг соёлын болон спортын алдартнуудаас бүрдсэн “Оддын Хөлбөмбөг”-ийн нөхөрсөг, бооцоот, халз тоглолтыг зохион байгуулж байна. Энэ сард Дэлхийн Аутизмийг таниулах нэг сарын  хүрээнд энэ өвчний талаар олон нийтэд зөв мэдээлэл хүргэх, сэтгэл санаагаараа хамт байгаагаа илэрхийлэх, дэлхийн номер нэгт ордог хөлбөмбөгийн спортоор дамжуулан спортынхныгоо энэ хүмүүнлэгийн арга хэмжээрүү чиглүүлж байгаагаараа онцлогтой юм.   

“Хүрхрээ” Үндэсний Дээд Лигийн тасалбар өмнөх жилийнхтэй адил 2000 төгрөгөөр худалдаалагдана. Харин нээлтийн өдөр тасалбараа 3000 төгрөгөөр борлуулах бөгөөд тасалбар бүрээс орж буй орлогын 33% буюу 1000 төгрөгийг “Аутизм Монгол Анд” Холбоонд хандивлагдаж, аутизмтай хүүхэд залуучуудын эрүүл мэндэд нь бодит дэмжлэг үзүүлэх зорилготой.

-“Оддын хөлбөмбөг” халз тоглолтонд хэн хэн оролцох вэ тэднийг хэрхэн сонгож багт хуваасан бэ багийг танилцуулна уу?

-Энэхүү үйл ажиллагааг МХБХ-ноос зохион байгуулан ажиллаж байгаа. Энд МҮОХ-ны ЕНБД, Олимпийн Аварга, Гавьяат тамирчин Бадар-Ууган болон ТВ Коктейль хамтлагийн жүжигчин Цолмонбаяр нар маань дэмжиж санаачилга гарган ажиллаж байгаад талархаж байна. “Оддын Хөлбөмбөгт” оролцох тоглогчдыг сонгосон гэхээсээ илүүтэйгээр энэ үйл ажиллагааг дэмжих хүсэлтэй, хөлбөмбөгт бас хорхойтой, Монголын хөлбөмбөгийг дэмжсэн олны танил хүмүүс тэр дундаа соёл урлаг, спортын нэрт зүтгэлтнүүдтэйгээ хамтран ажиллаж байгаа гэвэл зохино. Үндэсний шигшээ багийнхаа өмсгөлүүдээр бэлэгдэж “Хөх”, “Цагаан” багуудад хуваагдана. Хөх буюу “Хөх Чононууд” багийг Олимпийн Аварга, Хөдөлмөрийн Баатар Э.Бадар-Ууган ахлах бол Цагаан багийг Олимпийн Аварга, Хөдөлмөрийн Баатар Н.Түвшинбаяр ахлах юм. Ингээд энэ 2 багт бөхчүүдээс Улсын Арслан Пүрэвдагва тэргүүтэй МУ-ын аварга, арслангууд, Х.Цагаанбаатар, Д.Отгондалай нарын тэргүүтэй Тив, Дэлхийн медальтнууд, С.Болд-Эрдэнэ, Э.Цолмонбаяр тэргүүтэй жүжигчид, Guys, Хурдынхан мөн Г.Ганхүү, П.Баярцэнгэл тэргүүтэй Яг Түүн Шиг Шоуны оролцогчид зэрэг хүмүүс оролцоно. Дасгалжуулагчаар МУСГЗ Ш.Гүрбазар ах маань Хөх Чононууд багийг дасгалжуулан оролцох гэж байна. Мөн багийн эмч, сэтгэлзүйч нараар олны танил гоо үзэсгэлэнт бүсгүйчүүд, Дэлхийд Монголынхоо нэрийг гаргаж буй МИСС охид оролцох болно.  

-“Оддын Хөлбөмбөг”-ийн үеэр өөр ямар нэгэн сюрприз байгаа юу?

-Байлгүй яахав. Тэр болгоныг дэлгээд яахав, сонирхуулахад тоглолтонд оролцож буй эдгээр Одод маань өөрсдийн гарын үсэгтэй бөмбөгнүүдийг тараана. Мэдээж тэдэнтэй дурсгалын зураг хамт авхуулах хүсэлтэй үзэгчид, дэмжигчид байгаа байх. Тоглолт маш өрсөлдөөнтэй болоно гэдэгт итгэлтэй байгаа. Энэ тоглолтын шагналын сан  нийт таван сая төгрөг. Жишээ нь манай ХУРД хамтлагийн гитарчин МУГЖ Отгонбаяр ах маань энэ тэмцээнд зориулж өндөржүүлсэн бэлтгэлд хамрагдаад эхэлсэн байгаагаа хэлсэн. Бүр 3 хоног Бурхан Халдиунд сүсэглэн залбирч тэмцээний ёндоогоо дуудах юм гээд бүх талаараа тоглогчид маань бэлтгэлээ базааж байгаа. Мөн хамгийн эхний гоолын эзэн тусгай шагналтай. Тэр нь хэн байх бол? Төгсгөлд нь хэлэхэд 4 дүгээр сарын 29-ний бямба гаригийн 13:00 цаг МХБХ-ны хөлбөмбөгийн ногоон талбайд та бүхнийг өргөнөөр урьж байна.

Б.ЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна