Зөрчлийн хуулиар АН-ын бүлэг завсарлага хүссэн ч унав

2017 оны 4 сарын 27

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас УИХ дахь Ардчилсан намын бүлэг Зөрчлийн тухай хуулийн төслөөр завсарлага үргэлжлүүлэн авахыг хүссэн ч гишүүдийн дэмжлэг хүлээсэнгүй уналаа.

Иймээс УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Дэмжигдээгүй саналыг хүчингүй болгож өгөөч” гэдэг горимын санал хураалгахыг хүсэв. Гэвч УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ажлын хэсгээс дэмжих боломжгүй санал орж ирсэн юм бол түүнийг нь дэмжихгүйгээр унагаад яв л даа” гэв. Торгуульд булхай байсан. Одоо юуг нь гайхаад байгаа юм. Өмнөх парламентын үед торгуулийн нэгж 2000 байсныг харин ч 1000 болгож бууруулсан” гэсэн юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Зөрчлийн тухай хуулийн төслөөр завсарлага авах болсон үндэслэлээ “Зөрчлийн хуулиар зургаан гэмт хэргийн шинжтэй асуудал оруулж ирсэн. Зөрчил дээр ажлын хэсгээс баривчилгааны тухай асуудлыг оруулж ирсэн. Ингээд энэ хууль чинь иргэний болон хүний эрхийн ноцтой зөрчилтэй заалтууд буюу хуулийн дарангуйллын шинжтэй заалтууд орж ирж байгаад нийгэм эмзэглэж байгаа. Орж ирж байгаа заалтуудад найруулгын хувьд өөрчлөгдөж, үг хэллэгийн хувьд ойлгомжгүй зүйл их орж ирлээ. Зөрчил гаргасан хэнийг ч болов дурын нэгэн хэн нэгэн байцаагч, түшмэл дураараа торгох эрх нь нээгдэж байгаа зэрэг ноцтой зүйлүүд их гарч байна. Тиймээс бид энэ хуулийг хэлэлцэхгүй хойшлуулах хэрэгтэй гэж харж байна. Энэ хуулиа татаж аваад эргэж нэг харах хэрэгтэй. Эсвэл Засгийн газар энэ хуулиа татаж авах хэрэгтэй. Ардчилсан нам энэ асуудлаар үргэлжлүүлэн гурав хоногийн завсарлага авч, сунгах хүсэлтэй байна” гэсэн юм.

Мөн тэрбээр “Зөрчлийн хууль нь иргэний эрхийг хамгаалахаас илүүтэй торгуулийн хэмжээг хэт нэмэгдүүлж байгаа нь иргэнийхээ халаасыг гөвж, төсвийн цоорхойгоо нөхөх гэсэн аргын нэг гэж харахад хүргэж байна” гэсэн юм.

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна