Х.Нямбаатар: Сэтгэл хөдлөлөөр хуулийг өөрчилж болохгүй

2017 оны 4 сарын 27

Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гүтгэх, доромжлохыг зөрчил хэмээн үзэхээр тусгасан. Энэ талаар Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд эсэргүүцлээ илэрхийлэн, Зөрчлийн хуулийн зарим заалтыг эсэргүүцэж байгаа билээ. Энэ талаар УИХ-ын гишүүн, Зөрчлийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатараас зарим зүйлийг тодрууллаа.


-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад гүтгэх зөрчил гаргасан, эсэхийг цагдаагийн алба хаагч тогтоохоор заасан байна. Ингэснээр тухайн цагдаагийн алба хаагчийн ашиг сонирхлоор асуудалд хандах вий гэсэн болгоомжлол байна?

-Зөрчил мөн, эсэхийг шууд цагдаагийн албан хаагч тогтоохгүй. Эцсийн шийдвэрийг шүүх гаргана. Концевцын алдаа гарсан учир ийм асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, дэлхийн бусад оронд гүтгэх, доромжлохыг гэмт хэрэг хэмээн үздэг.

Зөрчлийн тухай хуулийн үндсэн шинж чанар нь тогтоосон журмуудыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил хэмээн үздэг.

Гүтгэх, доромжлох үйлдэл нь ямар нэгэн байдлаар тогтоосон журмын эсрэг чиглэсэн үйлдэл биш.

Үндсэн хуулиар олгогдсон хүний нэр төр, алдар хүнд, аж ахуйн нэгжийн нэр хүндэд халдаж байгаа үйлдэл.

Энэ утгаараа эрүүгийн гэмт хэрэг байх ёстой. Зөрчлийг яагаад цагдаагийн байгууллага шалгаад шүүх шийдвэрлэж байгаа вэ гэхээр үүнд гэм буруугийн асуудал сөхөгдөж байгаа.

Гүтгэх, доромжлох үйлдэл нь гэм буруутай үйлдэгдэж байж зөрчил болно. Ингэснээр хариуцлага хүлээх болно. Гүтгэх, доромжлох зөрчил үйлдсэн этгээдийг тодорхой процессын ажиллагаа явуулж байж гэм буруугийн асуудлыг шалгаж, нотолно. Гүтгэх, доромжлох зөрчил гаргасан, эсэхийг шинжээчээр томилж, хянуулна. Шууд шүүхээс гүтгэх, доромжлох зөрчил гаргасан хэмээн шийдвэл хүний эрхийн асуудал сөхөгдөнө. Өөрөөр хэлбэл, гэм буруутай, эсэхийг заавал тогтооно. Түүнээс биш шүүх шууд гэм буруутай, эсэхийг тогтоож шийдэхгүй.

-Тэгэхээр зөрчлийн хуулиар цагдааг шийдвэрлэхгүй, харин шалгаж, шүүхэд шилжүүлнэ гэсэн үг үү. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр цагдаа шийднэ гэдэг зүйл байсан санагдаад байна?

-Хуулийн төслийн анхны өргөн барьсан төсөл дээр байгаагүй. Ажлын хэсгийн явцад нэмэлт бүлэг оруулж ирж, зөрчлийг цагдаа 72 цагийн дотор шалгаж, илрүүлсний дараа шүүхэд шилжүүлнэ гэдгийг тусгасан.

Цагдаагийн байгууллага шалгасныг шүүх шийдвэрлэх учраас цагдаагийн байгууллага шалгаж, шийдвэрлэнэ гэсэн ойлголт байхгүй.

-Хэлэлцүүлгийн үеэр нэр бүхий УИХ-ын гишүүн гүтгэх зөрчил гаргасан хүнийг 10 сая төгрөгөөр, хуулийн этгээдийг 100 сая төгрөгөөр торгох санал гаргаж, дэмжлэг хүлээсэн. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас боловсруулсан төсөлд тусгагдсан торгуулийн хэмжээг тав дахин нэмэгдүүлсэн. Тооцоо судалгаанд үндэслэсэн торгуулийн хэмжээг огцом нэмэгдүүлэх нь хэр зөв алхам бэ?

-Ажлын хэсэг дөрвөн сар гаруйн хугацаанд нойр хоолгүй сууж, тооцоо судалгаа хийсэн.

Гэтэл хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсэгт ороогүй гишүүн хөндлөнгөөс тухайн үеийн сэтгэл хөдлөлөөр асуудалд хандаж, өөрчлөлт оруулах нь буруу. Ялангуяа Хууль зүйн байнгын хороон дээр.

Торгуулийн хэмжээг нэмэгдүүлэхэд тооцоо судалгаатай хандах ёстой. Энэ асуудал чуулганы нэгдсэн хуралдаанаар яригдана. Гэхдээ би хэн нэгэн гишүүний талаар дүгнэлт хийх нь буруу. УИХ-ын 76 гишүүн бүгдээрээ ард түмний төлөөлөл. Бусдын эрх рүү халдаж ярих нь буруу гэж бодож байна.

Жишээ дурдахад, Эрүүгийн хууль ирэх долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.

Ингэснээр хорих ял эдэлж байгаа нийт хоригдлуудын гуравны нэг нь суллагдана. Үлдсэн гуравны хоёрт ял тэгшитгэх асуудал яригдана. Үүнийг сэтгэл хөөрлөөр шийдэж болохгүй. Ийм зүйлд хөндлөнгийн санал гаргаад унагах нь буруу шүү дээ. Үүнээс гадна гуравхан сарын өмнө Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг баталсан. Хуульд баривчлах шийтгэлтэй байхаар заасан. Гэтэл гуравхан сарын дараа баривчлах шийтгэл байх ёсгүй хэмээн ярьж байгаа нь хариуцлагагүй хандаж байгаагийн илрэл.

Ш.ЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна