СҮЛЖЭЭ ДЭЛГҮҮРҮҮД ЛУЙВАР ХИЙДЭГ ҮҮ?

2017 оны 5 сарын 3

Сэтгүүлч:
Д.Уламбаяр

Нэг үеэ бодвол Улаанбаатарт төдийгүй хөдөө орон нутагт сүлжээ дэлгүүр, супермаркетууд бий болсон. Гэрийн хажууд, дээр нь бүх хүнсээ нэг дороо цуглуулах боломжтой болохоор иргэд ч сүлжээ дэлгүүрүүдээр ороод гарах дуртай. Гэвч, сүлжээ дэлгүүр, супермаркетууд үйлчлүүлэгчээ хуурах, мэхлэх нь энүүхэнд. Лангуун дээрх үнэ нь зөрүүтэй байхаас гадна зарласан хямрал нь залилангийн шинжтэй байх нь ч бий.  Тэгвэл сүлжээ дэлгүүр, супермаркетууд НӨАТ-ын Е баримтын үнийг зөрүүтэй өгөх явдал гарсаар байна.

“Чингис хаан” нисэх онгоцны буудал явах замд буюу Нисэхийн тойргийн баруун хойно байрлах “Миний сүлжээ” дэлгүүр байдаг.  Тус дэлгүүрээр  үйлчлүүлсэн иргэн Баяртулга мах, хүнсний ногоо гээд 57 орчим мянган төгрөгийн худалдан авалт хийжээ. Тэрбээр тооцоогоо хийж дуусаад, худалдагчаас гүйлгээ хийснийг батлах Е баримтыг авсан байдаг. Гэхдээ тухайн үедээ баримтаа сайтар шалгаагүй байна. Дөрөв хоногийн дараа “Миний сүлжээ” дэлгүүрээс өгсөн баримтаа бүртгүүлэх гэтэл E баримтад бүртгүүлэх мөнгөн дүн нь 4296 төгрөг байжээ. Нийтдээ 57 орчим мянган төгрөгийн худалдан авалтад 4296 төгрөгийн татвар төлөгдсөнийг мэдсэн иргэн үйлчлүүлсэн “Миний сүлжээ” дэлгүүрийн нисэхийн салбартаа хандсан байна. Салбар дэлгүүрийн зохион байгуулагч иргэн Б-гийн гомдлыг сонсоод мах, хүнсний ногоо, жимс жимсгэнэд Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/ бодогддоггүй. Нарийн шалтгааныг нь 75756061 дугаараас асуугаарай гэсэн тайлбар өгчээ. Иргэн Б зохион байгуулагчийн үгээр дээрх дугаар луу холбогдсон ч дуудлагад нь “Миний сүлжээ” дэлгүүрийнхэн хариу өгөөгүй байна. Энэ мэт зарим сүлжээ дэлгүүр, аж ахуйн нэгжүүд баримтынхаа үнийн дүнг зөрүүлэн бичиж буй гомдол тасрахгүй байгааг Татварын ерөнхий газраас мэдээлэв.

Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар /http://www.legalinfo.mn/law/details/11227?lawid=11227/ жилийн 50 сая төгрөгийн бараа, ажил үйлчилгээ борлуулсан этгээдийг албан татвараас чөлөөлсөн байдаг. Мөн дээрх хуульд зааснаар татвараас чөлөөлөгдөх, татвар заавал төлөх бараа үйлчилгээ хамт эрхэлдэг аж ахуйн нэгж, дэлгүүрүүд бол дээрх тохиолдол шиг НӨАТ-ын баримтын үнийн дүн худалдан авалтынхаас зөрүүтэй байж болно гэдгийг татварынхан тайлбарлалаа. Бусад тохиолдолд үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, хувь хүн татвараас зайлсхийх аргагүй аж.

Татварын ерөнхий газрын газрын улсын ахлах байцаагч Д.Мөнхтуул

“Миний сүлжээ” дэлгүүртэй холбоотой иргэний гомдолд мах, сүү нь дотоодын үйлдвэрлэгч НӨАТ-аас чөлөөлөгдөх боломжтой. Харин үйлдвэрлэгчээс худалдан авч дамжуулан борлуулж байвал  НӨАТ-аас чөлөөлөгдөх зохицуулалт байхгүйг Татварын ерөнхий газар /ТЕГ/-ын газрын улсын ахлах байцаагч Д.Мөнхтуул тайлбарлалаа. Тэрбээр “Миний дэлгүүр тухайн мах, сүү, жимс жимсгэнэ, ногоог худалдан аваад дамжуулан борлуулж буй тохиолдолд татвараас чөлөөлөгдөхгүй. НӨАТ заавал ноогдох ёстой. Тэгэхээр энэ үйлдэл хууль зөрчиж буй үйлдэл.

Нөгөө талдаа "Миний дэлгүүр" тухайн мах, сүүний лангуугаа бусдад түрээслүүлдэг. Тухайн түрээслэгч этгээд НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлээгүй бол түүнд НӨАТ ноогдохгүй байх  эрх зүйн үндэслэлтэй. Гэхдээ сүлжээ дэлгүүрүүдийн бүтэц онцлогоос хамаараад нэг касс дээр бичдэг. Худалдан авалтын баримт цаасан дээр нэг талон болон гарч буй боловч татварын нэгдсэн системд "Миний дэлгүүр"-ийн борлуулалт, түрээслэгч этгээдийн борлуулалтыг салгаж илгээх учиртай” хэмээн ярилаа.

“Иргэдийн худалдан авалт бүрт үнэн зөвөөр баримтыг нь зарим аж ахуй нэгж, супермаркетууд өгөхгүй байна гэсэн” гомдлыг харьяа татварын газрууд нэг бүрчлэн хүлээн авч шалгаж буй аж. Шалгалтаар хууль зөрчиж, татвараас нуугдсан бол Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд / http://www.legalinfo.mn/law/details/473?lawid=473/ зааснаар зөрчлөөр илэрсэн татварын мөнгөн дүнгийн 30 хувьтай тэнцэх төлбөрөөр торгох юм байна. Хэрэв аж ахуйн нэгж, байгууллагууд хүний өмнөөс борлуулалт бичээд, үйлчлүүлэгчдээ түрээсийн лангуу гэж тайлбарлаад худалдан авалтын үнийн дүнгийн зөрүүтэй баримт өгвөл ноцтой, эрсдэлтэй үйлдэл болохыг байцаагч тайлбарлалаа. Өөрөөр хэлбэл, энэ хууль зөрчсөн үйлдэл нь тухайн борлуулалтыг дамжуулж буй этгээдэд орлого болж харагдана. Энэ нь өөрийн борлуулалтаа нууж байна гэсэн үг. Ийм тохиолдол илэрвэл санаатай үйлдэл гэдэг утгаараа Татварын тухай хуулиар хариуцлага хүлээх юм байна. Харин санаатай болон санамсаргүй, их хэмжээний гэвэл эрүүгийн хэрэг болох аж. Санамсаргүй байдлаар тоогоо алдаж, татварын хуулиа хэрэгжүүлээгүй байх юм бол Захиргааны хэрэгт тооцож, зөрчил гарсан гэж үзэн татварын ерөнхий хуульд зааснаар торгох юм. Тиймээс иргэн та худалдан авалт бүрийнхээ Нэмэгдсэн өртгийн албан татвар /НӨАТ/-ын баримтыг аж ахуйн нэгж, дэлгүүрүүдээс авахдаа сайтар шалгаж байхыг зөвлөе.

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна