Ерөнхийлөгчийн сонгууль 2017: Гурван янзын шоу

2017 оны 5 сарын 8

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

Монгол Улс шинэ Үндсэн хуулиараа Ерөнхийлөгч хэмээх албан тушаалыг бий болгоод энэ онд долоо дахь удаагийн сонгуулиа хийх гэж байна. 1993 онд анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдож байсан бол үүнээс хойш Нацагийн Багабанди, Намбарын Энхбаяр, одоогийн Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар сонгогдон ажиллажээ. Үүнээс хоёр хүн буюу Нацагийн Багабанди, Цахиагийн Элбэгдорж нар хуульд заасан улиран сонгогдох эрхийг эдэлжээ.

Энэ жилийн сонгуулийн санал хураалтын өдөр зургадугаар сарын 26. Өнгөрсөн долоо хоног бол парламентад суудалтай улс төрийн намууд Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг сойхоо шийдэх сонирхолтой өдрүүд байлаа. Өнгөрсөн 2016 оны сонгуулиар УИХ-д МАН, Ардчилсан нам, МАХН гэсэн гурван нам суудал авсан бөгөөд бүгд нэр дэвшигчээ зарлалаа.

МАН: ТАВИЛТТАЙ ШОУ

Нэр дэвшигчийн тухайд хөзөр нь дэлгээтэй байсан ганц нам нь МАН. УИХ-ын дарга, намын дарга Миеэгомбын Энхболд нэр дэвшинэ гэсэн яриа өнгөрсөн жилээс дээр доргүй яригдсан. 2016 оны сонгуулиар үнэмлэхүй ялалт байгуулж парламентын 76 суудлын 65-ыг аваад байгаа МАН наадмын түрүү харагдаж байгаа бөх шиг дэвэлзэж байна. Нэр дэвшигчээ тодруулах намын Бага хурлаа хамгийн түрүүн буюу тавдугаар сарын 3-ны өдөр хийсэн нь бусдын ая занг харж хөзрөө нуух шаардлага байгаагүйг илтгэнэ. Олонх болсон намынхаа бодлогыг ил цагаанаар шүүмжилж, жигүүр ургуулах нь уу гэсэн хардлагыг олон нийтэд төрүүлэх болсон хэсэг энэ намд бий. Энэ нь энэ намд урьд байгаагүй шинэ үзэгдэл юм. Тиймээс М.Энхболдыг сөргүүлж өөр хүний нэрийг дэвшүүлнэ гэсэн хүсэл, таамаг нилээн явсан ч эцсийн мөчид Бага хурлын гишүүд УИХ-ын дарга М.Энхболд, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж хоёрын төлөө санал хураалгалаа. М.Энхболд Бага хурлын гишүүдийнхээ үнэмлэхүй олонхийн саналыг авснаар Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх болсон.

Ердөө хоёр долоо хоногийн өмнөхөн “Ийгл” телевизийн “Бүрэн зураглал” нэвтрүүлэгт М.Энхболд оролцсон нь олон хүний анхааралд өртсөн. Энэхүү нэвтрүүлэг 65-ын бүлгийн бяр амтагдаж байгааг мөн нотолсон гэхэд болно. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчээ батламжилсан МАН-ын Бага хурал тавилттай шоу  байлаа.

АН: РЕАЛИТИ ШОУ

МАН-ын тавилттай шоуны хажууд Ардчилсан нам жинхэнэ реалити шоу үзүүллээ. Дөрвөн жил эрх барьсаны эцэст амаараа шороо үмхтэл ялагдсан Ардчилсан нам шинэчлэлийг эхлүүлсэн. С.Эрдэнэ гэсэн шинэ даргатай Ардчилсан намын шинэчлэлийн онцлог нэг шинж сунгаа юм. Энэ удаад ч сунгаа нам дотроо Ерөнхийлөгчид хэн дэвших хүсэлтэй байгаагаа ил тод илэрхийлэн сунгаанд оролцууллаа. Р.Амаржаргал, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав, Х.Баттулга, Л.Болд, Б.Жаргалсайхан нар өрсөлдөхөө илэрхийлэн сунгаанд сунайтал харайцгаалаа. Зөвхөн энэ намд л байдаг нэг нэгнээ үгүйсгэх, булхайг нь дэлгэх, муулах тактик энэ удаад ч хангалттай хийгдсэн.

Ерөнхийлөгчийн суудлыг 2009 оноос хашиж байгаа Ардчилсан намын угшилтай Ц.Элбэгдоржийн буухиаг үргэлжлүүлэх үү эсвэл Монголын төрийн топ гурван суудлыг МАН-д өгөх үү гэдэг энэ намаас хэн нэр дэвшихээс хамаарах учраас тавдугаар сарын 6-ны Бямба гаригт хуралдсан Ардчилсан намын наймдугаар их хурал олон хүний анхаарлын төвд байлаа. Хэдийгээр хоёр өдрийн өмнө явагдсан санал асуулгаар Х.Баттулга хамгийн өндөр оноог авч, Их хурлаараа батламжилна гэж байсан ч задгай тоглолттой тэднээс ч юуг ч хүлээж болох юм гэж олон хүн бодож байсан. Гэвч эсрэгээрээ гэнэтийн цочир зүйл болоогүй төдийгүй хэдхэн хоногийн өмнө хонь, чоно мэт байсан өрсөлдөгчид билэг дэмбэрэлтэй сайхан үгээр Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхүүлэхээр батламжиллаа. Ингэснээр Ерөнхийлөгчийн сүүлийн хоёр сонгуульд дараалан бөх хүч үзэх болж байна. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас Дархан аварга Б.Бат-Эрдэнэ өрсөлдсөн.

МАХН: ГЭНЭТИЙН ШОУ

Парламентад цор ганц суудалтай МАХН-ын хөзөр эцсээ хүртэл нууц байлаа. МАН-ын тасарсан мах, үсэрсэн цус болсон МАХН ганц лидертэй. Тэр бол 2005-2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Н.Энхбаяр. Гэвч Н.Энхбаярын ялтайд тооцох хуулийн хугацаа дуусаагүй учраас энэ намаас нэр дэвшиж болох бусад хүний нэрс өмнө нь дуулдсан. Гэсэн ч эцсийн мөчид ганц лидерээ илгээж байгаагаа Баасан гаригт зарлалаа. Ингэснээр МАХН гэнэтийн шоу барилаа.

Хэдийгээр намууд нэр дэвшигчдээ зарласан ч эдгээр эрхэм Ерөнхийлөгчийн суудлын төлөө өрсөлдөх хуулийн шаардлагад нийцэх үү гэдэг шалгуурыг давах учиртай. Хуулинд заасны дагуу тавдугаар сарын 17 гэхэд Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг албан ёсоор зарлах юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна