”Хаврын баяр” наадам 17 дахь жилдээ болов

2017 оны 5 сарын 8

Японы ард түмэнд Монгол ахуй, зан заншил, уламжлал, соёл урлагаа сурталчилан таниулж, Япон Монгол хоёр орны харилцааг улам бэхжүүлэн, тус улсад ажиллаж амьдарч, суралцаж буй Монгол иргэдийн харилцаа холбоог сайжруулах зорилго бүхий Япон дахь монголчуудын хамгийн том баяр болох "Хаврын баяр" наадам 17 дахь жилдээ зохион байгуулагдлаа. “Хаврын баяр-2017” наадам уламжлалаараа Токио хотын Нэрима дүүрэг Хикаригаока цэцэрлэгт хүрээлэнд тавдугаар сарын 3, 4-ний өдрүүдэд өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө.

Тус наадмын Монгол бөxийн барилдааныг Япон улсад сүмо бөхөөр барилдаж буй Монголын сүмо бөхчүүд жил болгон ивээн тэтгэж явуулдаг билээ. Жилээс жилд Монгол бөxийн барилдаан xүрээгээ тэлж 2014 онд 32 бөx, 2015 онд 5 орны 80 бөx, өнгөрсөн жил 64 бөх зодоглож байв.

Харин энэ жилийн хувьд Япон 23, Өвөрмонгол 1, Америк 2 болон Япон улсад сурч, ажиллаж, амьдардаг аймаг сумын цолтой бөхчүүдээр магнайлуулсан 64 бөх зодоглон хурд хүч, авхаалж самбаа, уран мэхийг уралдуулан барилдав. Барилдаанд Төв аймгийн Баян сумын харьяат сумын харцага Г.Амгалан түрүүлж, Хакухо аваргын хэлснээр “Хаврын баяр наадмын дархан аварга” Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат аймгийн арслан Б.Дамба үзүүрлэн, Архангай аймгийн Хашаат сумын харьяат аймгийн харцага Ж.Баясгалан, Говьсүмбэр  аймгийн Сүмбэр сумын харьяат залуу бөх О.Чулуунпүрэв нар шалгарч Сумогийн их аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж, Какүрюү М.Ананд нарын гарын үсгээр баталгаажуулсан алганы хээ, медаль, таларxалын бичиг, мөнгөн шагналаар шагнуулж, сүмо бөхчүүдтэйгээ дурсгалын зураг татуулав. Япон дахь монголчуудтайгаа уран бүтээлээрээ уулзахаар хошин урлагийн “Маск” продакшныхан ирсэн бөгөөд тус хамтлагийн жүжигчин СТА Ж.Мөнхсайхан бөхийн барилдааныг тайлбарлан явуулсан бол үзүүр түрүүний барилдаанд аварга Хакүхо М.Даваажаргал, Харүмафүжи Д.Бямбадорж нар засуулаар ажиллаж ард түмнээ баясгалаа. Монгол үндэсний бөхөөр барилдсан гадаад бөхчүүдэд монгол бөхийн барилдааны арга барилыг зааж уран гараа, дэвээний тэмцээн зохион явуулсан нь наадмын бас нэгэн сонирхолтой хэсэг байсан юм.

Наадмын талбайд монгол гэр, асар майхан алаглан, монгол, япон олон зуун хүн цугласан байв. Наадмын талбайд барьсан гэр, асруудад Монгол орны түүх, соёлыг сурталчилсан гэрэл зураг, монгол үндэсний хувцас хэрэглэл, дурсгалын зүйлсийн үзэсгэлэн худалдаа гарсан байлаа. Монгол үндэсний болон загварын дээл, япон үндэсний кимоно хувцасны загварын үзүүлбэр, урлагийн тоглолт гэх мэт олон олон үйл ажиллагаанууд зохион байгуулагдсан бөгөөд монгол хоол болох бууз, хуушуур, шорлог гэх мэт үндэсний хоол, цайны газар ажиллаж оочер дараалал ихтэй байсныг онцлоход таатай байна.

Б.ЦОЛМОНТУЯА

ЭХ СУРВАЛЖ: http://undesniibukh.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна