Н.Баярмаа: Бодибилдингийг гоо зүй талаас нь сонголоо

2017 оны 5 сарын 8

Монголын Бодибилдинг Фитнесийн нэгдсэн холбооноос Улсын аварга шалгаруулах тэмцээнийг өнгөрөгч амралтын өдрүүдэд зохион байгуулсан. Тус тэмцээнд олон шилдэг тамирчид орсны дунд хүндийн өргөлтийн спортоор 20 жил хичээллэсэн Гавьяат тамирчин Н.Баярмаа багтсан юм. Түүний хувьд бодимисс ангилалд өрсөлдөж, аваргын алтан медалийг хүртсэн. Цагдаагийн Ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дасгалжуулагч, “Хар ирвэс” клубын тамирчин Н.Баярмаатай цөөн хором ярилцлаа.

-Юуны өмнө бодимиссийн улсын аварга болсон таньд баяр хүргэе. Яагаад бодибилдингийн спортыг сонгох болов?

-Баярлалаа. Бодибилдингийн спортыг эрүүл ахуй, гоо зүй талаас нь харж хичээллэж байна. “Хар ирвэс” клубын тамирчин болоод удаагүй байгаа ч бодимисс болж чадлаа. “Хүч” спорт хороо болон “Хар ирвэс” клубын хамт олондоо баярлаж байна.

-Анхны улсын аваргын тэмцээний өрсөлдөөн хэр байсан бэ?

-Мэдээж хүнд байлаа. Бодимисс ангилалд 10 орчим тамирчин өрсөлдсөн. Эндээс дөрөв нь финалд үлдсэн. Эцсийн мөчид шилдгээр нэрийг минь дуудахад сайхан байлаа. Бас нэгэн сайхан мэдрэмж байсан шүү. Хүндийн өргөлтийн спортоор 20 жил хичээллэж байгаа миний хувьд бодибилдинг гоо зүй талаас нь сонголоо. Мөн эрүүл ахуйн дэглэм барих гээд давуу талууд маш их байна. Тиймээс ажлаа тараад клубтээ хичээллэх сонирхолтой болсондоо.

-Бодибилдинг, фитнессийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сард Улаанбаатар хотноо болно. Таны хувьд оролцох уу?

-Улаанбаатарт болох Азийн аваргад оролцохоор олон орон мэдүүлгээ ирүүлээд байна. Энэ удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн нэгэн сорил байсан болохоор бэлтгэлээ сайн хийж, орох бодолтой. Тивийн шилдгүүдтэй өрсөлдөхөд арваад хоног үлдсэн байна шүү.  

-Таны хувьд хүндийн өргөлтийн спортоор эх орныхоо нэрийг олон жил гаргасан. Одоо олон шавь бэлдэж байна. Цаашдын зорилгоо хэлэхгүй юу?

-Сүүлийн жилүүдэд өсвөр, залуучуудын амжилт ахиж байна. 2017 он гараад ч амжилт арвин байгаа. Хүндийн өргөлтийн тамирчдын хувьд “Токио 2020” олимпийн наадамд олон тамирчин оролцож, амжилтаа ахиулах нь чухал. Тиймээс залуучууддаа ихээхэн найдаж байна. Хэдийгээр ажлын заваараа бодибилдингийн спортыг сонгож байгаа ч хүндийн өргөлт бол миний хувьд хэзээ ч салшгүй спорт юм.

Ч.БОЛОР