Д.Баяндүүрэн: Нэр дэвшигчид СЕХ-нд бүртгүүлээгүй байгаа

Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар ярилцлаа.


-Намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ тодрууллаа. Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлсэн нэр дэвшигч байна уу?

-Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуульд заасны дагуу УИХ-д суудал бүхий нам дангаараа буюу хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх хуулийн заалттай. Үүн дагуу намууд нэр дэвшигчдээ тодруулсан. Нэр дэвшигчдийн хувьд нэлээд олон төрлийн бичиг баримт бүрдүүлж өгнө. Үүний нэг нь Эрүүл мэнд дүгнэлт гаргуулсан байх ёстой гэсэн хуулийн шаардлага байдаг. Энэ хүрээнд  эрүүл мэндийн яамнаас ажлын ажлын хэсэг гаргаж ажилласан. Ингээд нэр дэвшигчдийн дүгнэлтийг Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-д гардуулж өгсөн.

Нэр дэвшигчид холбогдох бичиг баримтуудаа СЕХ-нд  тавдугаар сарын 11-ний дотор ирүүлэх ёстой. 

Одоогоор гурван нэр дэвшигчийн бичиг баримт ирээгүй байна. СЕХ нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгах ажлын хэсэг байгуулан, ажиллаж байгаа.

Нэр дэвшигчдээс ирүүлсэн баримт бичгийг нягталж дуусаад, тавдугаар сарын 14-ний дотор СЕХ бүртгэх эсэх талаар шийдвэрээ гаргах ёстой. 

СЕХ нэр дэвшигчийг бүртгэсэн эсэх шийдвэрээ тавдугаар сарын 17-ны дотор нийтэд мэдээлнэ. Нэр дэвшигчдийн үнэмлэхийг тавдугаар сарын 27-нд нэр дэвшиж байгаа бүх субъектүүдэд нэгэн зэрэг гардуулах хуультай.

Д.Баяндүүрэн

-Сонгуулийн бэлтгэл ажил ямар шатандаа явна вэ?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил цаг хугацааны дагуу явж байна. Аймаг нийслэл, сум дүүргийн сонгуулийн хороод байгуулагдан, ажиллаж байна. Аймаг нийслэл, дүүргийн сонгуулийн хороодын нэгдсэн сургалтыг СЕХ зохион байгуулсан.  Бүх хууль, тогтоомж, сонгуулийн ажилд хэрэглэгддэг маягт үнэмлэх гэх мэт бүх материалыг хэвлүүлээд аймаг, нийслэлийн сонгуулийн хороодод хүргүүлсэн.

Аймаг нийслэлийн сонгуулийн хороо, сум дүүргийн сонгуулийн хороод сургалтын зохион байгуулалтын ажлаа хийж байна. 

Сонгуульд автоматжуулсан системийг ашиглана. Тагнуулын ерөнхий газар, Мэдээлэл харилцаа, технологийн газартай хамтарсан ажлыг хэсэг  байгуулсан. Энэ ажлын хэсэг техник хэрэгслүүдээ сонгуулийн ажилд хэрэглэж болно гэсэн дүгнэлт гаргаж, сертификат олгодог. Эхний ээлжинд бүртгэлийн санал авах компьютеруудаа сертфикатжуулах хяналт шалгалт хийх  ажлыг хийж байна. Үүний дараа сонгуулийн санал тоолох төхөөрөмжүүд дээрээ тест хийж, “Сонгуулийн ажилд ашиглаж болно” гэсэн дүгнэлт гаргавал сертификат олгох ажил үргэлжилнэ.

-Гадаадад байгаа иргэд хэрхэн саналаа өгөх вэ. Гадаадад байгаа иргэдийн нэрсийн жагсаалт гарсан уу?

-Энэ удаагийн сонгуульд гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авах учраас СЕХ Гадаад харилцааны яамтай хамтран, сонгуулийн төв  комисс байгуулсан. Төв комиссыг Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн дарга ахалж байгаа. Мөн салбар комиссууд байгуулагдсан. Дипломат төлөөлөгчийн газар, элчин сайдын яам буюу консулын газрууд дээр нийтдээ 45 газарт  салбар комисс байгуулж, 200 орчим хүн ажиллаж байна. Энэ сарын 1-20-ны хооронд гадаадад байгаа санал өгөх хүсэлтэй иргэдийн бүртгэлийг зохион байгуулан явуулж байна.  Бүртгэлтэй холбоотой анхны мэдээллийг энэ сарын  10, 15, 20-ны байдлаар авч, мэдээлнэ. Гадаадад байгаа иргэдээс санал авах бэлтгэл ажил хэвийн, цаг хугацааны дагуу явагдаж байгаа.

-Гадаадад байгаа иргэд өмнө нь өөрийн биеэр очиж бүртгүүлдэг байсан. Энэ удаад ч бас санал бүртгүүлэхдээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх үү?

-Гадаадын сонгогчид зургадугаар сарын 10, 11-ний өдрүүдэд саналаа өгнө. 

Гадаадад байгаа бүх хүн сонгуульд оролцож болно гэж ойлгож болохгүй. Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн тохиолдолд санал өгөх эрх үүснэ. Өмнөх УИХ-ын 2012 оны сонгуулиар зөвхөн дипломат төлөөлөгчийн газраа очиж бүртгүүлдэг байсан бол энэ удаа гадаадад сонгогчид дипломат төлөөлөгчийн газраа өөрөө очиж бүртгүүлэхээс гадна факс, шуудан, цахим гээд дөрвөн төрлийн аргаар бүртгэлээ хийлгэх боломжтой. Мэдээж санал хураалтын өдөр өөрийн биеэр очиж саналаа өгөх ёстой.

Одоогоор нэг ч нэр дэвшигч албан ёсоор СЕХ-нд бүртгүүлээгүй байна. Хуулийн хугацаанд бүртгүүлэх байх

-Улсын хэмжээнд хэдэн сонгогч санал өгөх вэ?

-Сонгогчдын нэрсийн жагсаалтыг хуулийн дагуу Улсын бүртгэлийн байгууллага хариуцаж байгаа.

Бүртгэлийн байгууллагаас өнгөрсөн гуравдугаар сарын 1-ээс өмнө улсын хэмжээнд дэх нийт сонгогчийн мэдээллийг Burtgel.mn сайт дээрээ байршуулсан.

Ингэснээр сонгогч санал өгөх боломжтой эсэхээ шалгаж боломжоор хангасан. Урьдчилсан байдлаар хоёр сая 29 мянга 100 гаруй сонгогч санал өгөх боломжтой. Сонгуулийн санал хураалтаас хоёр сарын өмнө иргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоосон байгаа.

-Санал хураалтыг гараар тоолж баталгаажуулах уу?

-Өмнөх бүх сонгуулиудаар гараар тоолж баталгаажуулах ажлыг хийж байсан. 2012, 2013 оны сонгуульд хяналтын тооллого, 2016 оны сонгуульд техникийн тооллого нэрээр гараар тоолж баталгаажуулсан. Ямар нэгэн зөрчил, гомдол гарч байгаагүй. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар хуульд заасны дагуу сум, дүүргийн сонгуулийн хороо санамсаргүй сонголтын аргаар харьяа хэсгийн 50 хүртэл хувийг сонгож техникийн тооллого хийнэ. Техникийн тооллого хийхдээ нам, нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулж, хяналт тавих боломжтой.

-Санал хураалтын дүнг олон нийтэд шууд дамжуулах уу, 2016 оны сонгуулийн дүнг танилцуулсан шиг?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг СЕХ-ны төв серверээс шууд дамжуулж үзүүлнэ.

Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дүнг орон даяар онлайнаар шууд дамжуулж үзүүлэх бэлтгэлnau СЕХ-ны дэргэдэх Мэдээллийн технологийн төв хангаж байна. Нэр дэвшигчдийн зураг, овог нэр, нам зэрэг мэдээллийг оруулна.

-Саналын  хуудсан  дээр нэр дэвшигчдийн нэрс СЕХ-нд бүртгүүлсэн дарааллаар бичигдэх үү?

-Үгүй. Сонгуулийн тухай хуулийн дагуу парламентад хамгийн олон суудалтай намаас нэр дэвшигчийн нэр эхэнд бичигдэнэ. Олон суудал авсан нь эхэнд нь бичигдэнэ гэсэн үг.

2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар саналын хуудаст нэр дэвшигчдийн цээж зураг байрлуулж байсан. Энэ удаа ч саналын хуудаст нэр дэвшигчдийн цээж зураг байрлана.

-Улсын хэмжээнд хэдэн хэсэгт санал авах вэ?

-Санал авах байруудыг 2078 гэсэн тоо гаргасан боловч энэ тоог бууруулж, 2000 доош санал авах байртай байхаар тогтож байна. Учир нь зарим сумдаас хэсгийн хороог нэгтгэх санал ирсэн. Одоогоор эцсийн шийдвэр гараагүй байна.

-Ерөнхийлөгчийн сонгуульд дахин санал хураалт явуулах заалт бий юу?

-Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар нэлээд нарийвчилсан зохицуулалтууд байдаг. Тухайлбал, нэр дэвшигч нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхын санал авч байж сонгогдохоор заасан. Хэрэв нэр дэвшигчдийн хэн нь ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүнийг дахин санал хураалтад оролцуулна гэж Үндсэн хуульд заасан. Ийм учраас аль нэг нэр дэвшигч нь олонхын санал авч байж сонгогдоно гэж ойлгох хэрэгтэй.

-Нэр дэвшигчдэд тавигдах шаардлагуудад өөрчлөлт орсон уу?

-2016 оны сонгуультай адил нэг хуулиар зохицуулагдаж байгаа учраас Сонгуулийн нэгдсэн хуульд тусгасан шаардлагуудыг тавьж байгаа. Тухайлбал, хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, сүүлийн таван жил эх орондоо байнга оршин суусан байна гэх  хуулийн шаардлагууд бий. Энэ шаардлагуудын дагуу  холбогдох байгууллагууд нэр дэвшигчдийн дүгнэлт, лавлагааг гаргаж өгнө.

-Зарим нэр дэвшигчдийн ялтай хугацаа дуусгавар болоогүй,  эх орондоо сүүлийн таван жил амьдраагүй, хугацаа хэтэрсэн өр төлбөртэй гэсэн мэдээллүүд гарч байна. Эдгээр асуудлаас болж зарим нэр дэвшигчдийг бүртгэхгүй байх боломж үүсэх үү?

-Нэр дэвшигчдэд тавигдах хуулийн шаардлагууд тодорхой байгаа. Тэр шалгуурын дагуу нэр дэвшигч холбогдох байгууллагуудаас баримт, дүгнэлтээ авчрах ёстой. Үүний дагуу СЕХ шийдвэр гаргана. СЕХ нэр дэвшигчдийн баримт материалууд ирээгүй байхад урьдчилсан үнэлэлт дүгнэлт өгөх боломж байхгүй.

-Намуудаас сонгогдсон нэр дэвшигч хасагдсан тохиолдолд нөхөн нэр дэвшүүлэх боломж байгаа юу?

-Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвшигчийг бүртгүүлэх боломжгүй тохиолдолд намууд нөхөн нэр дэвшүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчийг бүртгэх боломжгүй гэж үзвэл намууд нөхөн нэр дэвшүүлэх хугацаа тавдугаар сарын 17-ны дотор нөхөн нэр дэвшүүлэх боломжтой.  

-Сүүлийн жилүүдэд сонгуулийн ирц эрс буурсан. Ирц бүрдүүлэх тал дээр СЕХ ямар ажил зохион байгуулж байна вэ?

-2016 оны УИХ-ын сонгууль өндөр байсан. Энэ хэмжээнд байх болов уу гэж харж байна. Сонгогчдыг сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд бид мэдээллийг маш сайн өгч байгаа. Сонгогч бүрт сонгууль өгөх, санал өгөх зааварчилгаа бүхий урилга хүргүүлэх,  сонгогчдод мессеж илгээх гэх мэт олон ажил төлөвлөсөн байгаа. Гэхдээ сонгогч санал өгөх эсэх нь хувь хүний өөрийнх нь хүсэл зорилго байдаг. Харин сонгогчийг сонгуульд оролцуулахыг уриалан дуудах нь СЕХ-ны үүрэг. Бид энэ үүргийн дагуу холбогдох ажлуудаа хийж байна.

-Улс төрийн намын тухай хуульд намууд санхүүжилтээ аудитын байгууллагаар шалгуулж, нийтэд мэдээлнэ гэсэн заалт байдаг боловч санхүүгийн тайлангаа нийтэд мэдээлсэн нам байдаггүй. Сонгуулийн ерөнхий хороо намуудын санхүүгийн тайланд хяналт тавьж, сонгуулийн өмнө нийтэд мэдээлэх боломжгүй юм уу?

-Сонгуулийн санхүүжилт, намын санхүүжилт гэсэн хоёр асуудал Улс төрийн намын тухай хууль, сонгуулийн хуулиар зохицуулагддаг. Миний харж байгаагаар Монголд сонгууль, намын санхүүжилт оновчтой биш гэж боддог. Сонгуулийн үеэр санхүүжилт босгож, сонгуулийн сурталчилгааны хугацаанд зориулалтаар нь ашиглаж байна уу гэдэг нь эргэлзээтэй. Энэ нь өөрөө хуулийн орчин нь зохицуулалт муутай. Нам, сонгуулийн санхүүжилт зориулалтын зүйлдээ зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих боломжгүй болдог. Тиймээс хууль, эрх зүйн орчинг нь сайжруулах шаардлагатай.

Ш.ЧИМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна