Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэрэгтэй, хэрэггүй

УИХ-аар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хууль батлагдсан нөхцөлд гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж нэмэгдэж, тэр хэрээр зээлийн хүү буурах таатай нөхцөл бүрдэнэ гэж хууль боловсруулагчид үзэж буй.

Харин банкны салбарынхны хувьд Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль батлагдсан нөхцөлд үндэсний аюулгүй байдлын асуудал ч хөндөгдөх эрсдэлтэй. Аж ахуйн нэгжүүд зээл авахын тулд Хөрөнгө оруулалтын банкинд лиценз барьцаалах шаардлага тулгарна. Эргээд газар нутгийн асуудал ч “босож” ирэх аюултай гэж анхааруулж буй. Иймээс VS буландаа банкны салбарын төлөөлөл болгож, “Хас” банкны гүйцэтгэх захирал М.Болд, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг санаачлагч УИХ-ын гишүүн Б.Жавхлан нарын байр суурийг онцоллоо.


 

М.БОЛД: МАШ МУУ ХУУЛЬ ГЭЖ ХЭЛЖ БОЛНО

 

Б.ЖАВХЛАН: ДОТООДЫН БАНКУУДЫН ХҮРЧ АЖИЛЛАЖ ЧАДДАГГҮЙ ТОМ ТӨСЛИЙГ САНХҮҮЖҮҮЛНЭ

Одоогийн УИХ дээр хэлэлцэж байгаа Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл нь арилжааны банк, даатгалын байгууллага, хөрөнгө оруулалтын банкны зарим үйл ажиллагааг хооронд нь хольсон байгаа. Маш муу хууль гэж хэлж болно. Суурь ойлголт дээрээ будилсан хуулийг батлах үндэслэлгүй. Тэр тусмаа Монгол Улсын эдийн засагт асар том нөлөөтэй байж болзошгүй гадаадын хөрөнгө оруулалтыг оруулах тухай хуулийг ул үндэстэй, судалгаа шинжилгээ, үр дагаврыг нь тооцсоны үндсэн дээр батлах нь зүйтэй. Ер нь хөрөнгө оруулалтын болоод арилжааны банк аль нь ч бай манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа л бол бүхий л салбар, хувь хүн, аж ахуйн нэгж гээд бүгд харилцаа, холбоо тогтооно. Тэгэхээр гадны аль ч орноос банк байгуулагдлаа гэхэд энэ бүх харилцаа, үр дагаврыг тооцсон байх учиртай.

Дутуу дулимаг боловсруулсан хууль, журмаар гадны хөрөнгө оруулагчийг оруулж ирвэл дараа нь асар том маргаан, тогтворгүй байдал бүрдүүлж магадгүй. Тухайлбал, гадны хөрөнгө оруулагч болоод дотоод талдаа урьдчилан тааварлаж, таамаглаагүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Гадаадын банкуудад барьцаалсан томоохон үйлдвэр, ашигт малтмалын лиценз зэрэгтэй холбоотой маргаанд бид ялагдаж байгааг харж л байна.

Ийм эрсдэл нь хууль эрх зүйн орчин ойлгомжгүй байдлаас үүдэлтэй учраас алдаагаа давтах шаардлагагүй. Энэ хуулийг дагаж маш олон эрх зүйн харилцаа үүсэх учраас тэдгээрийг ямар хуулиар хэрхэн зохицуулах вэ, эрсдлээс хэрхэн хамгаалах вэ гэдгийг тодорхой болгох зайлшгүй шаардлагатай. Үр дагаврыг нь тооцсон байх учиртай. Манай улсад гадны хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа боловч эрх зүйн ойлгомжгүй орчин байх ёсгүй. Бидний хамгийн сайн мэдэх жишээ бол Оюутолгой төсөл. Энэ төсөл дээр олон жилийн туршид маргаантай явж ирлээ.

Ийм сургамж байсаар байтал давтах нь зохимжгүй. Жишээлбэл, тухайн банкинд газрыг барьцаалснаар төдийлөн эрсдэл учрахгүй гэж байгаа нь ташаа ойлголт юм. Хэрэв тухайн газар дээр үл хөдлөх хөрөнгө барьчихвал яах вэ гэдэг зүйл бий. Үүнийг хэрхэн зохицуулах ёстой вэ гэдгийг сайтар тунгаах, тодорхойлох шаардлагатай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

 

 

 

 

 

 

 

 

Нэг талдаа энэ хуулийг одоо байгаа банкны системдээ хамгаалалт хийж өгч байгаа гэж ойлгох хэрэгтэй. Энэ хуулийн хүрээнд орж ирж ажиллах гадны банк, дотоодын банкуудын зах зээлд ажиллахгүй. Иргэд, аж ахуйн нэгжээс хадгаламж татахгүй, жижиг зээл олгохгүй. Зөвхөн өөрийн эх үүсвэрээр хөрөнгө оруулалт хийхээр зохицуулж өгч байгаа.

Дотоодын банкуудын хүрч ажиллаж чаддаггүй томоохон төслийг санхүүжүүлнэ. Мөн банкны хоорондын зах дээр ажиллаж болно. Ингэснээр манай арилжааны банкуудын том хэмжээний хямд эх үүсвэр татах боломж бүрдэх юм. Энэ хүрээнд дотоодын банкуудтай хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд нээлттэй байхаар зохицуулалт оруулсан

Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар Төв банкны арилжааны банкуудын дүрмийн санг тогтоодог.

Төв банкнаас тогтоосноор сангийн доод хэмжээ 50 тэрбум. Харин Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа эрхлэх гаднын хөрөнгө оруулагчийн дүрмийн санг 300-500 тэрбум төгрөг байхаар төсөлд суулгасан. Түүнчлэн санхүүжүүлэх нэг төсөл хөтөлбөрийн доод хэмжээ 100 тэрбум төгрөг гэх мэтээр хязгаарлалт хийсэн. Ийм зохицуулалт хийж дотоодын банкуудын үйл ажиллагаанд эрсдэл учруулах нөлөөллийг хязгаарлаж байгаа.

Өөрөөр хэлбэл, банкуудын хувьд энэ хуультай зохицож ажиллах хэрэгтэй. Нэг зүйлийг олж харах ёстой. Санхүүгийн зах зээлийн нийтлэг эрх ашиг олон нийтийн төлөө байх хэрэгтэй. Нийт санхүүгийн зах зээлийн эцсийн хэрэглэгчдийн төлөө төрийн болон арилжааны банкны бүх зохицуулалт, үйлчилгээ явагдаж байдаг. Олон нийтийн эрх ашиг, эрэлт хэрэгцээ юунд чиглэж байна вэ гэхээр урт хугацаатай, өртөг багатай, хүү багатай, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн рүү хандаж байгаа. Тэгэхээр өнөөдөр бидэнд зайлшгүй хэрэгтэй байгаа зүйлийг зах зээл рүү хэн нийлүүлж чадах вэ. Үүнд төрийн зохицуулалт хийж, нээлттэй бодлого барих ёстой.

Нөгөө талаасаа гэвэл энэ нь өрсөлдөөн. Өрсөлдөөнийг төр дэмжих ёстой. Ард олон болон эдийн засагт хохиролгүй байдлаар өрсөлдөөнийг дэмжье гэж байгаа юм.

Манай улс хөрөнгийн зах зээлээ хөгжүүлж чадаагүй. Банкны зах зээлийн эх үүсвэр ганцхан хадгаламжийн тогтолцоон дээр тогтож ирсэн. Тиймээс санхүүгийн зуучлалын бүтээгдэхүүний үнэ буурч өгөхгүй байгаа.

Лицензээ барьцаалаад авч чадахгүй алдах болбол яах вэ гэдэг асуудлыг хөндөж тавьж байгаа. Анхаарах л асуудал. Гэхдээ хууль эрх зүйн орчныг сайн бүрдүүлсэн нөхцөлд эрсдлээс хамгаалах боломжтой.

Эх сурвалж: “Өдрийн сонин”

Бэлтгэсэн Г.ХОРОЛ