Австрали: Парламентын танхимд охиноо хөхүүлжээ

2017 оны 5 сарын 10

Австралийн ногоон намын гишүүн Алию Жой парламентын хурлын үеэр хоёр сартай охиноо хөхүүлжээ.

Парламентын хуралдааны үеэр хүүхдээ хөхүүлэх нь тус улсад албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байдаг. Гэхдээ парламентын нэг ч гишүүн энэ эрхийг эдэлж байгаагүй аж.

Австрали өмнө нь парламентын хуралд хүүхэд оруулахыг хориглодог байжээ. Үүний улмаас эмэгтэй гишүүд хүүхдээ хооллохын тулд хуралдааныг орхиж гарахаас аргагүй байдалд ордог байж.

Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь дархлааг нь дэмждэг. Тиймээс 2015 онд Австралийн сайд Кейли О'Дваер ажил үүргээ алдагдуулалгүйгээр хуралдааны үед хүүхдээ эхийн сүүгээр хооллох саналыг гаргаж байв. Энэ асуудал нийгмийн дунд шуугиан болж, улмаар тус улсын парламент эмэгтэй гишүүдэд хуралдааны үеэр хүүхдээ хөхүүлэх эрхийг олгожээ.

2016 онд Испанийн парламентын гишүүн хуралдааны үеэр хүүхдээ хөхөөрөө хооллосон нь нийгмийн дургүйцлийг хүргэж байсан гэдэг. Мөн Британийн гишүүд парламентын хуралдааны үеэр эмэгтэй гишүүд хүүхдээ хөхүүлэхийг эсэргүүцэж байсан удаатай. Харин зарим улстөрчид энэ үйлдэл нь нийгмийн доог тохуу болох вий гэдгээс сэргийлэх хэрэгтэй гэж байр сууриа илэрхийлж байжээ.

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: ВВС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна