Сагсчид дэлхийн шилдэг 12 багт багтав

2017 оны 5 сарын 11

FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 3х3 гран при тэмцээн БНХАУ-ын Наньжин хотноо өнгөрөгч сард болсон. Тус тэмцээнд тив тивийн шилдэг 16 баг өрсөлдсөнөөс Монголын баг хүрэл медаль хүртэж, улмаар Сербийн багийн хамт зөвхөн шилдэг 12 баг оролцдог "Их дуулга"-д оролцохоор болсон юм. “3х3 Word Tour” буюу "Их дуулга" тэмцээн ирэх долдугаар сард Японд болно. Ийнхүү Монголын сагсчид дэлхийн шилдэг 12 багийн багтаж, шилдгүүдтэй өрсөлдөхөөр болоод байна. Энэхүү тэмцээнд өрсөлдөх багууд сар бүр болдог цуврал тэмцээнээс тодордог.

Өнгөрөгч дөрөвдүгээр сард Наньжинд болсон тэмцээнд Монголын баг хэсэгтээ Тайвань, Словени, БНХАУ-ын багуудыг хожин хэсгээ тэргүүлж, хасагдах шатанд мөн зохион байгуулагч орны Jiangsu West багийг хожсон. Улмаар дэлхийн чансааны 7-д бичигдэж байгаа Сербийн алдарт Zemun багт 22:18-аар хожигдсон ч хожлын тоогоор хүрэл медалийн эзэн болсон юм. Тэгвэл энэхүү амжилтаараа ирэх долдугаар сард Японд болох дэлхийн шилдэг 12 баг оролцдог “3х3 Word Tour” буюу "Их дуулга"-д оролцох эрхтэй боллоо. Монголын сагсчид дэлхийн шилдэг багуудын нэгээр шалгарч, түүхэн амжилтыг үзүүлсээр байна.

Дэлхийн шилдэг 12 баг оролцдог "Их дуулга"-д оролцохоор шалгарсан Монголын баг тамирчид.

Наньжинд болсон Гранпри тэмцээнд Монголын баг “UB Garuda” нэрээр оролцсон бөгөөд дасгалжуулагчаар С.Тулга, багийн бүрэлдэхүүнд ОУХМ Д.Дэлгэрням, Э.Цэрэнбаатар, Э.Дөлгөөн, Г.Цэнгүүнбаяр нар багтсан.

FIBA буюу олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион явуулдаг 3х3 гран при тэмцээн сар бүр зохион байгуулдаг бөгөөд энэ сарын тэмцээн ирэх амралтын өдрүүдэд Малайзад болно. Тус тэмцээнд оролцохоор Монголын баг тамирчид өнөөдөр Малайзыг зорилоо. Тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна