Кристиан Лубутен: Эмэгтэйчүүдийн бүх нууцыг би бараг мэднэ дээ

2017 оны 5 сарын 12

Кристиан Лубутентай уулзах бүрт тэр өөрийн хувийн гайхамшигтай чанараа нээж өгдөг хүн юм. Энэ удаа дизайнер өөрийн сэтгэлийн нарийн нандинаа уудлан эмэгтэй хүний тухай бодол санал, залуу насны мөрөөдөл, бизнест хөл тавьсан анхны алхмаа ярьж өгчээ.

ФОТО© CHRISTIAN LOUBOUTIN

БРЭНДИЙН ТУХАЙ

Ерээд онуудад миний түнш “Чамд факс хэрэгтэй!” гэдэг байна. “Шаахай зурдаг надад факс яагаад хэрэгтэй юм бэ” гэж хариулж байлаа. Нөгөөдөх чинь надад баахан “ном уншаад”, би ойлгодоггүй, надад факс хэрэгтэй л юм байх. Тэр үед ямар нэгэн бизнес гэж бодох юмгүй хөгжилтэй л цаг байж дээ.

УРАН БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

Үнэн хэрэгтээ би зурж чаддаггүй хүн, зөвхөн гутлыг л сайн зурна. Ажилгүй байсан ч би түүнийгээ өдөр бүр өглөөнөөс үд хүртэл зурдаг. Захиалга бараг байхгүй. Би ямар нэгэн загварын ордонд, тухайлбал Versace-д гутал зохионо гэж сэтгэн боддог байлаа. Наяад онд тэднийд орон тоо гарлаа. Тэдэнд миний зургийн цомог сонирхолтой байж магадгүй гээд баахан таталбар зураг хийлээ. Гэхдээ  надад гутал байгаа шүү гэж хэлж зүрхэлсэнгүй.

ШИЛДЭГ БҮТЭЭЛИЙН ТУХАЙ

Завин шаахай гэдэгтэй мэдээж санал нийлнэ. Яагаад? Тэр шаахай бол нүүр царай. Та эмэгтэй хүнийг түүнээс олж харна. Сайхан хүүхэн. Дээр нь нүүр будалт нэмээд өгвөл та алмайрна биз дээ. Шаахай завь нь будалтгүй нүүр царай л гэсэн үг. Хэрэв чи завин шаахай хийж чаддаг бол ямар ч хос гутлыг хийнэ дээ.

Лубутен буюу завин шаахайнууд

ЗАЛУУ НАСНЫХАА ТУХАЙ

Би 17 настай байхдаа Парисын Les Folies Bergère кабаред ажиллаж эхэлсэн. Өд сөдтэй костюмтай бүжигчин бүсгүйчүүд надад диваажингийн шувууд шиг л санагддаг байлаа. Харин тэдний гутал нь л төгс биш санагдсан. Ингээд би эдгээр шувуудад гутал хийх санаа төрсөн юм. Тэгээд л энэ ажилд би автсан хүн дээ.

ХОББИНЫХОО ТУХАЙ

Миний уран бүтээлд мэдэгдэхүйц нөлөөтэй ландшафтын дизайн гэсэн хобби  надад бий. Би хэд хэдэн цэцэрлэг, парк, террасын чимэглэлийг хийсэн. 1989-1991 онуудад би гутлаа мартаад ландшафтад автсан юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН НУУЦЫН ТУХАЙД

Хүүхэд ахуйгаасаа л ээж, гурван эгч гээд эмэгтэйчүүдээр хүрээлүүлсэн байлаа. Би айлын хамгийн бага нь. Намайг нэг их анзаардаггүй учир бид тэдний бүх нууцыг мэддэг болсон. Тэр цагаас хойш миний дотор эмэгтэйчүүдийг бишрэгч, дизайнер, бүсгүйчүүдийн найз гэх мэтийн хэд хэдэн хувь хүн оршиж байгаа мэт. Намайг гутал бүтээхэд дизайнер маань “их аятайхан” гэнэ. Харин бүсгүйчүүдийн найз нар нь “маш дэгжин, чиний шилбэ чинь гоё харагдана даа” гэнэ. Бас хэн нэгэн нь “Гутлын загвар ямар байх нь хэнд хамаатай юм бэ” гэх жишээтэй.

ЭРЭГТЭЙЧҮҮДИЙН ГУТЛЫН ТАЛААР

Нэгэн удаа дуучин Мика над руу утасдаад өөрийн шоунд зориулсан гутал захиалав. “Танай шаахайг өмссөн эмэгтэйчүүд жаргалтай болдог юм билээ. Би тайзнаа аз жаргалтай байхыг хүсч байна” гэж тэр хэлсэн юм. Тэгээд л би эрчүүдийн гутал хийх болсон юм.

ТРЕНДИЙН ТУХАЙД

Чи галзуу байсан ч хагас жилийн дараа хаяад өнгөрөх үнэтэй бөгж авахгүй. Тийм учраас л би ямагт моодны байх гутал хийдэг.

ГОО ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТУХАЙ

Миний стилийн шүтээн бол Сильвана Мангано гэх жүжигчин эмэгтэй, тэр хурц тодруун гоо үзэсгэлэн, ес бусын хоолойтой. Тэрбээр надад Египетийн хатан хаан Нефертитийг санагдуулдаг. Гэхдээ Сильванаг төрөлхийн үзэсгэлэнтэй гэхээр биш. Тэр өөрийн гадаад төрхөө үргэлж засч янзалж ирсэн. Миний бодлоор эмэгтэй хүн гоо үзэсгэлэнгийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой. Энэ бол эрх чөлөө оюун ухаан нь юм даа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна