Донтчихсон тулаанч

2017 оны 5 сарын 12

“Авьяас гэж байдаггүй юм. Харин хөдөлмөр гэж бий. Үүнд л хүн донтдог. Авьяас гэсэн ойлголт байхгүй, учир нь бид бүгд адилхан хүн. Өөртөө цаг хугацаа зарцуулснаар ямар ч амжилтад хүрч, оргилд нь гарч чадна. Би авьяастай хүн биш, ердөө л донтчихсон тулаанч”.

Конор МакГрегорын ийм алдартай үг бий. Ажилгүй, амжилтгүй, шоу цэнгээнд автсан бодлогогүй нэгнээс UFC-гийн аварга, тулааны урлагийн хамгийн алдартай нэгэн болж чадсан тэр хичээж хөдөлмөрлөсөн бүхнийхээ үр шимийг хүртэж яваа нэгэн гэдэг.

Дэлхийн хамгийн баян тамирчин Криштиан Рональдугийн дасгалын танхимаар зочлоод гарахдаа МакГрегор ирэх жилийн Forbes-ын хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтад түрүү булаалдахаа амлаад гарсан. 10-хан секундэд өрсөлдөгчөө ялснаар UFC-гийн аварга болсон МакГрегорын амьдрал гэхдээ үргэлж дардан байгаагүй гэдэг.

Амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур гэх шалтгаанаар нийгмийн халамжийн чек авч, Ирландын жижигхэн тосгонд амьдралаа залгуулж байсан түүний амьдрал одоо эрс өөрчлөгдсөн. Алдотой хийсэн ганцхан тулаанаас 7 сая ам.доллар авсан тэрбээр MMA холбооны хамгийн өндөр орлоготой тамирчин болжээ.

Саяхан аав болсон МакГрегорын өдийг хүртэлх амжилтын нууц нь түүний дурлалт бүсгүй гэдэг. Өөрийнх нь тодорхойлсноор “амьдралыг нь аврагч” тэр бүсгүйн нэр Ди Девлин. Тэд найман жил хамтдаа амьдарч байгаа ч гэрлээгүй, хуримлаагүй. Гэхдээ тун удахгүй хуримын зар дуулгана гэдгээ хосууд ам алдсан юм.

“Өнгөрсөн бүхий л хугацаанд найз бүсгүй минь миний дэргэд байж, сохор зоос ч үгүй байхад л надтай наалдчихсан юм шиг л байдаг байлаа. Надад түүнд амлах мөрөөдлөөс өөр юу ч байгаагүй” гэж хожим МакГрегор дурсжээ.

Харин Ди хайртай залуу нь амжилтад хүрнэ гэдэг ердөө цаг хугацааны асуудал гэж итгэдэг байсан гэнэ. “Тэр өөртөө маш их итгэлтэй байсан. Ийм зүйл болно гэдгийг тэр үргэлж мэддэг байсан. Ирээдүйг зөгнөж байгаа юм шиг л... Өдөр бүр хичээж, тэнгэрийн хязгаарт тултлаа хүсэж, зорьж, хичээдэг байсан” гэж тэр ярьжээ.

Одоо бол хосууд үргэлж цугтаа явдаг. Тулаан болгоны ард Ди байдаг. Мэдээж МакГрегорт бүхэл бүтэн баг бий. Гэхдээ хамгийн чухал нь Ди. Сэтгэл зүйн хамгийн том туслагчаас гадна одоо МакГрегорын багт санхүүгийн асуудлыг хариуцан ажилладаг болжээ.

“Түүнгүйгээр би хэн ч биш байх байсан” гэж МакГрегор хэлдэг. 2013 онд өгсөн ярилцлагадаа тэрбээр “Агуу хүн бүрийн ард хүчирхэг эмэгтэй хүн байдаг” гэдэгтэй 100 хувь санал нийлдгээ хэлж байв.

Этгээд зан араншин, задгай бүдүүлэг үг яриа, давтагдашгүй тулааны хэв маяг МакГрегорыг тодорхойлдог. МакГрегор одоо мэргэжлийн боксын дэлхийн аварга Флойд Мейвейзертэй тулалдах тухай яриа спорт сонирхогчдын чихийг дэлдийлгэж байна. Албан ёсоор баталгаажаагүй байгаа ч “МакГрегор vs Мейвейзер” гэсэн түүхэн тулааны товыг есдүгээр сарын 16 гэж товложээ.

Холимог тулааны урлагаар нийт 24 тулаан хийж, 21 ялалт байгуулсан түүнийг Флойд Мейвейзертэй халз тулбал ялна гэдэгт энэ салбарын экспертүүд мөрий тавихад ч бэлэн байгаагаа илэрхийлсээр байна.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна