С.Батцэцэг Ази тивийн аварга болов

2017 оны 5 сарын 12

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжлэн явагдаж байна. 2017 оны тивийн аваргад 15 орон оролцож байгаа бөгөөд Монголын багаас Гавьяат тамирчин С.Батцэцэг алтан медаль хүртлээ.

Өчигдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаан 63, 75 кг-аар эхэлсэн. 63 кг-ын жинд барилдсан Гавьяат тамирчин С.Батцэцэг тивийн аварга боллоо. Тэрбээр БНСУ, Энэтхэг, Японы бөхчүүдийг цэвэр ялж, түрүүллээ.

"Лондон 2012" олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн хошой алт, нэг мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг 2010 онд Шинэ Делид болсон Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан бол долоон жилийн дараа аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр тивийн аварга болсон Монголын 20 дахь тамирчин болсон төдийгүй эмэгтэй тамирчдаас зургаа дахь нь болж байна.

Мөн өчигдөр 75 кг-ын жинд Г.Уртнасан барилдсан. Тэрбээр медалын төлөөх шийдвэрлэх барилдаанд Казахстаны Гульмарал Йербековаг барсангүй. Манай бөх эхний тойрогт Узбекистаны Гадаеватыг цэвэр ялсан ч БНХАУ-ын Палиха Палихад дийлдсэнээр хүрлийн төлөө барилдах болсон юм.

Ийнхүү Монголын эрэгтэй, эмэгтэй бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байгаа тивийн аваргаас эмэгтэй багаас С.Батцэцэг медалийн салхийг хагаллаа. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, 53 кг-д Д.Отгонцэцэг, 55 кг-д Э.Даваачимэг, 60 кг-д Б.Шоовдор, 69 кг-д Ш.Түмэнцэцэг нар барилдана. Хэсгийн барилдаан Улаанбаатарын цагаар 12.30-с эхэлнэ.

Чөлөөт бөхийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Баттулгын удирдлага дор Ц.Баярсайхан, Ө.Ууганбаяр, Ц.Цэдэнсодном, Б.Батзориг нар ажиллаж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна