Б.Ангирмаагийн цомгийн өдөрлөг маргааш болно

2017 оны 5 сарын 12

Хос цомгоороо хөгжмийн ертөнцөд эргэн ирсэн дуучин Б.Ангирмаагийн шинэ цомгийн өдөрлөг маргааш /2017.05.13/ 12.00 цагт Hi-Fi Records төвд болно.

“Удахгүй ээ”, “Өнгө аяс” нэртэй хос цомгоо тэрбээр удаан хугацаанд бодож, төлөвлөж хийсэн бөгөөд цомогт багтсан бүх дуугаа өөрөө дуулжээ. Цомгийн хэвлэлтийг Герман улсад хийлгэсэн байна.

“Өнгө аяс” цомогтоо дуучин Б.Ангирмаа бага насандаа зохиосон, дурсамж сэргээх, уянгын сайхан дуунуудаа багтаасан гэнэ. Өөрийнх нь болон түүний ах Б.Долгион, мөн Оргил, Баясук, Батхүү нарын аялгуугаар бүтсэн дуунууд уг цомогт багтжээ. “Энэхүү цомогт миний бага насандаа зохиож байсан уянгын дуунууд орсон. Цомогт орсон бүх дуугаа би өөрөө дуулсан. Арилжааны гэхээс илүү найз нөхөд, гэр бүл гээд дотнын хүмүүстээ бэлэглэх зорилгоор хэвлүүлсэн. Өнгөрсөн хугацаанд намайг хөглөж байсан сонсогч та бүхэндээ баярлалаа. Миний цомог таны олон сайхан дурсамжийг сэргэнэ гэдэгт итгэж байна” хэмээн цомгийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр Б.Ангирмаа ярьсан юм.

“Өнгө аяс” цомогт “Тал нутаг”, “Миний дуу”, "Чиний харцанд", "Би асуумаар...", "Намар ганцаардал", "Мөрөөдлийн мөнгөн хонхны дуу" зэрэг 12 дуу багтсан бол “Удахгүй ээ” цомгоос түүний "Ocean Grey" студийн залуустай хамтран хийсэн цоглог хэмнэлтэй "Тэнгис", "Зүүд байлаа", "Өө Barry", "Ирмэх төдийд" зэрэг уран бүтээлээ оруулжээ.

Б.Ангирмаагийн фенүүдэд таатай мэдээ дуулгахад, цомгийн өдөрт ирсэн эхний 50 хүнд цомгоо бэлэглэх ажээ.

С.ЦЭЛМЭГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна