Х.Даваачимэг тивийн аваргаас хүрэл медаль хүртэв

2017 оны 5 сарын 13

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн болж байна. Өчигдөр эмэгтэйчүүдийн таван жингийн барилдаан болж, 55 кг-д зодоглосон ОУХМ Х.Даваачимэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд БНСУ-ын Шин Хе Лийг ялж, Монголын багийн медалийн буухиаг үргэлжлүүлэв. Түүний жинд нийт 10 бөх барилдсан бөгөөд Японы Нанжёо Саэ түрүүлж, Энэтхэгийн Винэш Винэш мөнгө, Монголын Х.Даваачимэг, БНХАУ-ын Жан Ци хүрэл медаль хүртлээ. Х.Даваачимэг эхний тойрогт Нанжёо Саэд ялагдсан ч япон бөх шигшээд шалгарсан тул БНСУ-ын бөхтэй хүрлийн төлөө барилдсан юм. 

60 кг-д Б.Шоовдор эхний тойрогт Вьетнамын бөхийг ялсан ч Японы Рисако Каваид ялагдан хүрлийн төлөө барилдахаар болоод байсан юм. Манай бөх медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын Жан Тин Жоуд ялагдан шагналт V байрт орлоо.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-д Э.Гантуяа барилдана. Манай бүсгүйчдээс Гавьяат тамирчин С.Батцэцэг Ази тивийн аварга болсон бол Х.Даваачимэг хүрэл медаль хүртээд байна. Өнөөдрөөс эрэгтэй бөхчүүд дэвжээнд гарна.

АЗИ ТИВИЙН АВАРГАД ӨРСӨЛДӨЖ БУЙ МОНГОЛЫН БАГ. /Энэтхэг, Шинэ Дели 2017.05.10-14/

ЭРЭГТЭЙ:

  • 57 кг З.Занабазар
  • 61 кг Т.Тулга
  • 65 кг Б.Наранболд
  • 70 кг Д.Хатанбаатар
  • 74 кг Г.Төрболд
  • 86 кг П.Өнөрбат
  • 97 кг Ө.Батзул
  • 125 кг Н.Золбоо
  • Дасгалжуулагч Ц.Цэдэнсодном, Б.Батзориг

ЭМЭГТЭЙ

  • 48 кг Э.Нарангэрэл -эхний тойрогт ялагдсан
  • 53 кг Д.Отгонцэцэг -эхний тойрогт ялагдсан
  • 55 кг Э.Даваачимэг -ХҮРЭЛ МЕДАЛЬ
  • 58 кг Э.Гантуяа -Өнөөдөр барилдана
  • 60 кг Б.Шоовдор -Хүрлийн төлөө барилдана
  • 63 кг Б.Батцэцэг - АЛТАН МЕДАЛЬ
  • 69 кг Ш.Түмэнцэцэг -эхний тойрогт ялагдсан
  • 75 кг Г.Уртнасан - V байр
  • Дасгалжуулагч Ц.Баярсайхан, Ө.Ууганбаяр тус тус оролцож байна.

Мэдээллийг эргэн хүргэнэ.

Өнөөдрийн барилдааны Улаанбаатарын цагаар 12.30-с эхлэх бөгөөд финалын барилдаан 20.00 цагаас эхэлнэ. Тэмцээнийг https://unitedworldwrestling.org/-р шууд дамжуулан үзүүлж байна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна