Б.Шүүдэрцэцэг: “Үүлэн хээтэй орчлон” романаар кино хийнэ

2017 оны 5 сарын 13

Хаврын номын баяр Сүхбаатарын талбайд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Ийн номд дурлагчдын баяр үргэлжилсээр. Энэ үеэр зохиолч Б.Шүүдэрцэцэгийн асарт зочилж, түүнтэй цөөн хором ярилцсанаа хүргэж байна.


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Улаанбаатар хотын номын баярт хэд дэх жилдээ оролцож байна. Энэ жилийн номын баяраар таны шинэхэн роман их эрэлттэй байгаа харагдана?

-News.mn сайтын уншигчдадаа номын баярын мэндийг хүргэе. Номд хайртай уншигч, ном бүтээгч, зохиолч, орчуулагч нарын хүсэн хүлээдэг баяр болж байна. Би энэ жилийн номын баярт “Хотол цагаан гүнж” шинэ романтайгаа уншигчидтайгаа уулзаж байгаа. Уг шинэ романыхаа номын хуримыг хэдхэн хоногийн өмнө /2017.05.10/ “Аз хур” номын их дэлгүүрт хийсэн. Миний шинэхэн “Хотол цагаан гүнж” роман хамгийн их эрэлттэй байна.

-Бас хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн “Хүслийн цахлай” ном байна?

-Тийм. Энэ жилийн номын баяраар нэлээд хэдэн жилийн өмнө хэвлэгдсэн “Хүслийн цахлай” номоо уншигчдын хүсэлтээр дахин хэвлэсэн. Бас энэ номондоо “Чимээгүй хашгираан” туужаа нэгтгэж, хэвлэн гаргасан байгаа.

-Зохиолч Б.Шүүдэрцэцэг номоо хэдэн хувь хямдруулж байгаа вэ?

-Би бүх номоо 10-20 хувь хямдралтай үнээр худалдаалж байгаа. “Хотол цагаан гүнж” түүхэн романыг хэвлэж өгсөн “Эдмон” хэвлэлийн компани маань романы маань хуанлийг хэвлэж өгсөн. Номын баярт хүрэлцэн ирсэн уншигчдадаа бэлэглэж байна.

Миний хувьд би өнгөрсөн есдүгээр сард хайрт аавыгаа алдсан. Тиймээс аавынхаа гэгээн дурсгалд зориулан “Хотол цагаан гүнж” номоо хэвлэсэн байгаа. Ийм сайхан номын хямдралтай баярт өргөнөөр оролцож, уншигчид зохиолчтойгоо биеэр уулзаж, асуухыг хүссэн асуултаа асуух боломжтой. Тиймээс энэ амралтын өдрөөр номын баярт хүрэлцэн ирэхийг урьж байна.

-“Хотол цагаан гүнж” шинэхэн романыхаа тухай яриач. Бүр кино төсөл эхэлсэн гэж дуулсан?

-“Хотол цагаан гүнж” романы хувьд Юань гүрний үед амьдарч байсан өрнө, дорнын түүхэнд хамгийн алдартай гүнж. Манай улсад одооноос л мэдэж эхэлж байгаа. Монголын Хубилай хаантай насан туршдаа тэмцсэн эрэлхэг зоригт Хайдун хааны охин юм. Алдарт Марко поло, Персийн их түүхч Рашид-Ад Дин нар Хотол гүнжийн тухай буюу “Сарангэрэлтэх гүнж”-ийн тодорхой баримтыг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Америкийн бүтээсэн олон ангит Марко Поло киноны гол дүрийн нэг нь Хотол цагаан гүнж байдаг. Энэ дүрд Солонгосын алдарт модель, жүжигчин Клаудиа Ким гэх эмэгтэй тоглосон байна лээ. Миний хувьд өрнө, дорно дахинд цуутай монгол гүнжийн тухай монголчууд өөрсдөө дэлгэцэнд гаргах зорилгоор кино төсөл эхэлсэн байгаа. Одоо хоёр дахь жилдээ зураг авалтын өмнөх бэлтгэл ажил явагдаж байна.

-Энэ киноны гүнжийн дүрийг мисс А.Баярцэцэг тоглох уу?

-Мисс А.Баярцэцэгийг “Дэлхийн мисс-2016” тэмцээнд оролцоод ирэхэд нь 2016 онд бид гол дүрдээ шалгаруулаад авчихсан байсан. Манай гол дүрийн жүжигчин маань киноноосоо өмнө “Дэлхийн мисс-2016” тэмцээнд амжилттай оролцоод ирсэн. Бүр мисс А.Баярцэцэг маань “Дэлхийн мисс-2016” тэмцээний шилдэг видео танилцуулгаар шалгарсан шүү дээ. Уг видео танилцуулгад “Хотол цагаан гүнж” киноны өмсгөл, орлон тоглогч нар хамтдаа оролцсон учраас чанартай бөгөөд сонирхолтой болж чадсан. Би гадаадын үзэгчдийн сэтгэгдлийг уншихад “Энэ видео чинь кино биш юм уу” гэж их асуусан байна лээ.

-Таны “Үүлэн хээтэй орчлон” роман кино болох сураг байсан уу?

-Миний хоёр дахь роман болох “Үүлэн хээтэй орчлон ”-г томоохон компанийн хүсэлтээр кино хийх гэж байгаа. Энэ удаа надаас зохиогчийн эрхийг худалдан авахаар болсон. Монголд байгаа продюсерын томоохон гурван компани байдаг. Тэдний нэг кино хийх саналыг тавьсан. Ирэх долоо хоногоос гэрээгээ ёсчилж зурсны дараагаар мэдээллээ хуваалцах байх. Би уг саналыг хүлээн аваад өөрийн фэйсбүүктээ “Үүлэн хээтэй орчлон” романы маань гол дүр Хулангоод хэн тогловол зүгээр вэ? гэсэн санал асуулга явуулсан. Энэ санал асуулгад жүжигчин О.Дөлгөөн, Д.Шүүдэрцэцэг, О.Долгор, мисс А.Баярцэцэг гэх мэт маш олон дүрийн санал хэлсэн байна лээ. Тэр дундаа О.Дөлгөөн, О.Долгор, А.Баярцэцэг, Д.Шүүдэрцэцэг, Б.Баярмаа нар хамгийн их хүсэмжит залуу жүжигчин юм байна гэдгийг санаандгүй харлаа. Миний хувьд зохиогчийн эрхээ худалдаж байгаа учраас киноны дүр сонголтод оролцохгүй. Найруулагчаар нь одоо АНУ-д суралцаж байгаа Г.Бадамрагчаа ажиллах юм билээ.

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.

А.СҮРЭН

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.АРИУНБОЛД

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна