14 нас хүрээгүй бол унадаг дугуйтай зорчихыг хориглодог

2017 оны 5 сарын 13

Урин дулааны улиралд хүүхдүүд гэрийнхээ гадаа тоглож байгаад машинд мөргүүлэх, шүргүүлэх, ослын улмаас гэмэтэж бэртэх нь түгээмэл байна. Ялангуяа унадаг дугуйтай хөдөлгөөнд оролцож, машинд шүргүүлсэн тохиолдол нэмэгджээ.

Өнгөрсөн пүрэв гаригт л гэхэд 15 хүн автомашины ослын улмаас бэртсэний дөрөв нь насанд хүрээгүй хүүхэд байжээ. Ганц жишээ дурдахад Баянзүрх дүүргийн нутаг Алтан-Өлгийн гудамж, Бунханы урд замд 14 настай Ж  унадаг дугуй унаж хөдөлгөөнд оролцохдоо T.Pruis маркийн автомашинтай шүргүүлжээ.

Тиймээс 14 нас хүрээгүй хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг онцгойлон сануулж байна. Насанд хүрэгчид  унадаг дугуйгаар хөдөлгөөнд оролцохдоо дугуйныхаа #тоормос, #жолоо, #хонх зэрэг нь бүрэн ажиллагаатай, харанхуй үед хөдөлгөөнд оролцохдоо урд талдаа цагаан, ард талдаа улаан гэрэл буюу гэрэл ойлгуур, хоёр хажуу талдаа улаан буюу улбар шар өнгийн гэрэл ойлгууртай дугуйгаар, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна