Хот орчмын шувууд ”гэртэй” боллоо

2017 оны 5 сарын 13

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд “Хот орчмын шувуудад үүр бэлэглэе” үзэсгэлэн өчигдрөөс /2017.05.13/ эхлэн өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Үзэсгэлэнд “Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний холбоо”-ны байгаль хамгаалагчдын урласан 1000 гаруй шувууны үүр тавигджээ.

“Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний холбоо”-ны тэргүүн Д.Гансэлэм “Нийслэлчүүд, тэр дундаа эцэг эхчүүд хүүхэдтэйгээ хамт ирснээр бидний амьдрах орчны гол индикатор болсон шувуудад иймэрхүү үүр хийх боломжтой гэдгийг харах боломжтой. Хоёрдугаарт шувуу болгон өөрийн онцлогтой учраас аль шувуунд ямар үүр хийж болох уу гэдэг нь стандарттай. Энэ талаар бид ирсэн хүмүүст зөвлөгөө өгч байгаа” гэлээ.

Улаанбаатар хотод 220 орчим төрлийн шувуу бүртгэлтэй байдаг. Харамсалтай нь төрөл зүйл болон тоо толгой нь жил ирэх тусам буурч байгаа гэсэн судалгаа гарчээ. Уг үзэсгэлэнг үзсэнээр шувууны үүр хэрхэн хийх талаар санаа авахаас гадна хэрхэн будаж, чимэглэх зөвлөгөөг ч авах боломжтой. Мөн зуслангийн байшингийн дэргэд аль эсвэл хот орчмын ой, сургууль цэцэрлэг, албан байгууллагын орчим шувууны үүр байрлуулснаар хүүхдүүдийн экологийн боловсролд том түлхэц болно гэж зохион байгуулагчид хэлж байна.

ЗӨВЛӨГӨӨ

Шувууны үүр хийхдээ шувуу орох нүхний хэмжээ, доторхи талбай, үүрний өндөр, дулаан барих болон агаар сэлгэх чадвар, аюулгүй байдлыг анхаарах шаардлагатай. Нийслэлд 90 гаруй төрлийн шувууд суурин амьдардаг. Үүний нэг нь бидний сайн мэдэх болжмор буюу бор шувуу. Болжмор шувуунд үүр барихдаа 20 см өндөр 10х10-ийн хэмжээтэй байх ёстой. Шувуу орох нүхний диаметр 3.5-4 см. Дээд хэсэгтээ агаар сэлгэх нүх, доод хэсэгтээ чийг гадагшлуулах нүхтэй байх ёстой. Ингэснээр стандарт хангаж, тухайн шувуундаа таатай орчин бүрдүүлдэг байна.

Хэрэв эцэг, эхчүүдийн хүсэлт их байвал маргаашийг хүртэл үзэсгэлэнг гаргах боломжтой юм байна. Өнөөдрийн арга хэмжээ оройны 19.00 цаг хүртэл үргэлжлэнэ.

Г.ТҮШИГ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна