Э.Гантуяа тэмцээнээ дуусгалаа

2017 оны 5 сарын 13

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 58 кг-ын жинд барилдсан ОУХМ Э.Гантуяа эхний тойрогт БНАСАУ-ын Ин Сун Жонд ялагдан тэмцээн дуусгалаа. Ингэснээр тивийн аваргад оролцсон Монголын эмэгтэй шигшээ багаас Гавьяат тамирчин С.Батцэцэг /63 кг/ алт, Э.Даваачимэг /55 кг/ хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүд тэмцээнээ өндөрлүүлсэн бол эрчүүдийн өрсөлдөөн өнөөдрөөс эхэлж байна.

"Лондон 2012" олимпийн наадмын хүрэл медальт, ДАШТ-ийн хошой алт, нэг мөнгөн медальт, Гавьяат тамирчин С.Батцэцэг 2010 онд Шинэ Делид болсон Азийн аваргаас мөнгөн медаль хүртэж байсан бол долоон жилийн дараа аваргын алтан медалийг хүртлээ. Тэрбээр тивийн аварга болсон Монголын 20 дахь тамирчин болсон төдийгүй эмэгтэй тамирчдаас зургаа дахь нь болж байна.

 

 

55 кг: Х.Даваачимэг тивийн аваргаас хүрэл медаль хүртэв

АЗИ ТИВИЙН АВАРГАД ОРОЛЦСОН МОНГОЛЫН ЭМЭГТЭЙ БАГ. /Энэтхэг, Шинэ Дели 2017.05.10-14/

  • 48 кг Э.Нарангэрэл -эхний тойрогт ялагдсан
  • 53 кг Д.Отгонцэцэг -эхний тойрогт ялагдсан
  • 55 кг Э.Даваачимэг -ХҮРЭЛ МЕДАЛЬ
  • 58 кг Э.Гантуяа - эхний тойрогт ялагдсан
  • 60 кг Б.Шоовдор - V байр
  • 63 кг Б.Батцэцэг - АЛТАН МЕДАЛЬ
  • 69 кг Ш.Түмэнцэцэг -эхний тойрогт ялагдсан
  • 75 кг Г.Уртнасан - V байр

Дасгалжуулагчаар Ц.Баярсайхан, Ө.Ууганбаяр тус тус оролцож байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан эхэлсэн бөгөөд манай бөхчүүдээс 57 кг-д З.Занабазар аваргын алтан медалийн төлөө барилдахаар үлдээд байна. Бусад жинд өрсөлдсөн бөхчүүдийн хувьд медалийн төлөө өрсөлдөх өрсөлдөөнийг гаргаж чадсангүй.

Финалын барилдаан Улаанбаатарын цагаар 20.00-с эхлэх бөгөөд https://unitedworldwrestling.org-с шууд үзээрэй.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна