З.Занабазар финалд шалгарлаа

2017 оны 5 сарын 13

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэгийн Шинэ Дели хотод дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эмэгтэйчүүдийн сүүлийн жингийн барилдаан болсон бол эрчүүдийн өрсөлдөөн эхэллээ.

Бямба гаригт эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 97 кг-ын жингийн барилдаан болж, медалийн төлөө өрсөлдөх бөхчүүд эхнээсээ тодорч эхэллээ. Манай дөрвөн бөх дэвжээнд гарснаас 57 кг-д ОУХМ З.Занабазар алт, 97 кг-д Ө.Батзул хүрэл медалийн төлөөө барилдахаар шалгаран үлдлээ. 65 кг-д Б.Наранболд, 74 кг-д Г.Төрболд нар эхний тойргоос тэмцээнээ дуусгалаа.

57 кг-ын жинд нийт 15 орны бөхчүүд барилдсанаас Монголын З.Занабазар, Японы Такахаши нар аваргын төлөө өрсөлдөхөөр үлдлээ. Энэ жингийн хүрэл медалийн төлөөх барилдаанд Иран, Казахстан, Киргизстан, БНСУ-ын бөхчүүд үлдээд байна.

З.Занабазар Тажикистан, Киргизстан, Казахстаны бөхчүүдийг ялж, тивийн аваргын мөнгөн медалийн болзол хангалаа. Тэрбээр аваргын төлөө Японы Юүки Такахашитай барилдана.

Харин 65 кг-д Б.Наранболд, 74 кг-д Г.Төрболд өрсөлдсөн ч эхний тойргоос тэмцээнээ дуусгалаа. Ийнхүү манай дөрвөн бөх дэвжээнд гарснаас алт, хүрлийн төлөөх барилдаанд З.Занабазар/57/, Ө.Батзул/94/ нар шалгаран үлдээд байна.

Медалийн төлөөх шийдвэрлэх барилдаан Улаанбаатарын цагаар 20.00-с эхлэх бөгөөд https://unitedworldwrestling.org-с шууд дамжуулна.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна