Архивын ерөнхий газрын гадна талбайд 3240 ширхэг мод тарилаа

2017 оны 5 сарын 14

Монгол Улсад орчин цагийн архивын алба үүсэн байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт, ХЗДХЯ-ны харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд болон албан хаагчид өчигдөр Архивын ерөнхий газрын гадна талбайд 3240 ширхэг мод, бут, сөөг тарилаа.

Архивын ерөнхий газрын шинэ байр ашиглалтад ороод жил гаруйн хугацаа өнгөрч байгаа. Тиймээс хууль зүй, дотоод хэргийн салбар харьяа, агентлаг байгууллагын удирдлагууд хамтдаа будаг нь ханхалсан шинэ байртай Архивын ерөнхий газрын тохижилтод өнгө нэмэх зорилгоор ийнхүү 3240 ширхэг мод тарьсан юм.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт “Мод тарих нэг хэрэг. Тарьсан модоо арчилж, тордож, ургуулна гэдэг түүнээс дутуугүй чухал” гэдгийг тодотгов. Мод, бут, сөөгийг хэрхэн тарих, арчилж, тордох талаар “Цэвэр агаар-нэг мод” төрийн бус байгууллагын мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авсан юм.

Уг төрийн бус байгууллага Архивын ерөнхий газрын гадна талбайд тарьсан мод, бут, сөөгийг гурван жилийн хугацаанд арчилж, тордож ургуулах ажлыг хамтран хариуцан ажиллах юм.

Ингэснээр жил бүр мод тариад эзэнгүй орхидог, арчилж, тордохгүй үхүүлдэг биш мэргэжлийн хүмүүсийн заавар зөвлөгөөний дагуу тодорхой хугацаанд усалдаг, арчилгаа тордолгоог хийж, ургуулдаг болох юм.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна