Зургаан настнуудын сургуулийн бүртгэл үргэлжилж байна

2017 оны 5 сарын 14

2017-2018 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд 6 настай 32623 хүүхэд элсэн суралцах юм. Үүнтэй холбоотойгоор 6 настнуудыг сургах бүртгэлийг улсын хэмжээнд эхлүүлсэн.

Бүртгэл энэ сарын 15-н буюу маргааш даваа гаригаар дуусах аж. Өөрөөр хэлбэл, маргааш ажлын цаг дуусахаас урьтаж 6 настныг бүртгүүлэх шаардлагатай болж байгаа юм.

Бүртгэлд 2011 оны нэгдүгээр сарын 1-нээс 2011 оны арванхоёрдугаар сарын 31-нийг дуусталх хугацаанд мэндэлсэн бүх хүүхдийг хамруулж, хамрах сургуульд нь элсүүлж байна. 5 настай буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш төрсөн хүүхдийг бүртгэх боломжгүйг албаныхан хэллээ.

Мөн хамран сургах тойргийн хүүхдийг ямар нэг элсэлтийн шалгалтгүйгээр, мөн бүртгэлийн хураамж бусад төлбөр авахгүй юм байна. Элсэгчдийг бүртгэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд: Хүүхдийн төрсний гэрчилгээ, эцэг эх болон асран хамгаалагчийн цахим үнэмлэхийн эх хувь болон хуулбар, 3х4 хэмжээтэй 1 хувь чээж зураг, шаардлагатай тохиолдолд сургууль нэмэлт материал шаардаж болно.

Жич: Эцэг эх болон асран хамгаалагч нь хүүхдээ дагуулан ирж, өөрийн биеэр бүртгүүлнэ.

Г.ХОРОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна