Спорттой холбоотой маргааныг Монголдоо шийдвэрлэх боломж бүрдлээ

2017 оны 5 сарын 15

“Бэст вэстэрн премьер Туушин” зочид буудлын Соёмбо танхимд өнгөрсөн долоо хоногт Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр /МОУҮСА/ хэмээх Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага /НҮТББ/-ын арбитрч гишүүдийн тангараг өргөх ёслол болов.

Олон улсын спортын арбитрын шүүх /Court of Arbitraition for Sport/ хэмээх байгууллага нь спорттой холбоотой хэрэг маргааныг хянаж, шийдвэрийг нь дэлхийн бусад улс оронд хүндэтгэн биелүүлдэг ёс жаяг олон улсад хэвшин тогтсон билээ.

Манай оронд спортын олон төрөлт зүй тогтлоор хөгжихийн зэрэгцээ спортын маргаан ч нэмэгдэх хандлага бий болсон. Ийм маргааныг шийдэх мэргэжлийн, төрөлжсөн байгууллага байхгүй, тамирчид хаана, хэрхэн шийдүүлэх арга замаа олохгүй байх тохиолдол ч гарч байгаа. Иймд маргааныг шударгаар шийдэх спортын төрөлжсөн, мэргэшсэн хөндлөнгийн арбитр байгуулах эрэлт шаардлага тулгарсан. Спорттой холбоотой аливаа маргааныг заавал төрөөс байгуулсан шүүхээр шийдвэрлэхийн оронд, талууд өөрсдөө маргааныг шийдэх байгууллага, бүрэлдэхүүнээ сонгож, асуудлыг мэргэжлийн түвшинд, спортын хүрээндээ шийдвэрлэх нь үр дүнтэй, спортын нэр хүндийн асуудал юм.

Монгол Улсад спортын байгууллага, спорттой холбоотой маргааныг хараат бусаар, шударгаар шийдвэрлэх, талуудын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхолыг эрх тэгш хамгаалах зорилгоор байнгын ажиллагаатай МОУҮСА нь 2017 оны хоёрдугаар сард байгуулж эрх бүхий байгууллагад бүртгүүлж үйл ажиллагаагаа эхлүүлжээ.

Уг байгуулага нь Олон улсын спортын арбитрын зөвлөл, Спортын арбитрын шүүхтэй холбоо тогтоосон байна. УИХ-аас Арбитрын тухай хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 26-ны өдөр шинэчлэн баталсан. МОУҮСА-аас 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр баталсан Спортын арбитрын дүрэм, Арбитрын тухай шинэчлэн найруулсан хууль, Байнгын ажиллагаатай арбитрын хэрэг хянан шийдвэрлэх жишиг дүрэм зэргийг үндэслэн Спортын арбитрын хэрэг хянан шийдвэрлэх дүрмийг боловсруулан, батламжилжээ. Энэхүү дүрмээр хэрэг, маргааныг шийдвэрлэх нийт бүрэлдэхүүн 21 арбитрч гишүүдээс бүрдэх бөгөөд мэргэжлийн хуульчид, тухайн нэр заагдсан зарим спортын байгууллагын төлөөлөлөөс тус бүр нэг арбитрч гишүүн томилох зохицуулалтай болно. Өнөөдрийн байдлаар Спортын арбитарчаар МҮОХ, үндэсний сур, жүдо, чөлөөт бөх, гимнастик, волейбол, хөнгөн атлетик, бокс, хөлбөмбөг, байт харваа, дугуйн холбоодоос гишүүн арбитрч нараа томилоод байна. Мөн шүүгч, прокурор, өмгөөлөгч, хуульч нараас бүрддэг бөгөөд гадаад улсаас Япон, ОХУ, БНХАУ-аас тус бүр нэг гишүүн багтжээ.

Спортын байгууллагыг өмчийн хэлбэрээр нь, мэргэжлийн, мэргэжлийн бус ангиллаар, тамирчныг улсын харъяалал, харъяат бусаар, арьс өнгө, шашин шүтлэг, нас, хүйс, мэргэжил боловсрол, багийн харъяалал, спортын цол, зэрэг, хөрөнгө чинээг үл харгалзан ялгаварлан гадуурхахгүй байх нь Спортын арбитрын зарчим юм.

Тус байгууллага нь Удирдах зөвлөл /МОУҮСА-ын ерөнхийлөгч Г.Батзаяа, ОУОХ-ны хүндэт гишүүн Ш.Магван, УИХ-ын гишүүн Н.Учрал/ болон Ерөнхийлөгч, Эвлэрүүлэн зуучлах төв, 21 арбитрч, Ажлын алба гэсэн бүтэцтэй байх юм.

Монгол Улс нь олон улсын арбитрын конвенцид нэгдсэн орны хувьд МОУҮСА-ын шийдвэрийг дэлхийн 170 гаруй улсад хүлээн зөвшөөрөгдөж биелэгдэх боломжтой. Монголдоо анхдагч МОУҮСА нь спортын хэрэг маргааныг өндөр зардал гарган гадаад улс руу явахгүй дотооддоо шийдвэрлэх, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэмнэх ач холбогдолтой юм. 

Дашрамд сонирхуулахад, “Спортын арбитрын шүүх”-ийг байгуулах санаачлагыг анх 1981 онд ОУОХ-ны ерөнхийлөгч асан Хуан Антони Самаранч гаргаж байжээ. Улмаар 1983 онд ОУОХ-ноос “Спортын арбитрын шүүх”-ийн тогтоолыг албан ёсоор баталсан. Улмаар 1990 онд шинэчлэл хийж ОУОХ, Олон улсын спорт холбоод, ҮОХ болон ОУОХ-ны ерөнхийлөгчийн хамт “Спортын арбитрын шүүх” нь нийт 60 гишүүнтэй болжээ.

Швейцарийн Лозанн хотод төвтэй /салбар нь Нью-Йорк, Сидней/ энэхүү ОУБ нь арбитраар дамжуулан спорттой холбоотой бүх маргааныг шийдвэрлэх эрхтэй.

Өнөөдрийн байдлаар “Спортын арбитрын шүүх” нь Олон улсын спортын арбитрын зөвлөлийн 20 /БНХАУ 9, ОХУ 8, Япон 2, эвлэрүүлэн зуучлагч 1 / гишүүн, бүртгэлтэй 44 улсын 369 арбитрч болон 58 эвлэрүүлэн зуучлагчийн бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна