Г.Өсөхбаяр: Хувцсаа зөв сонгоогүйгээс болж эрүүл мэндээрээ хохирдог

2011 оны 11 сарын 14

Монгол Улсын гавъяат тамирчин, Уулчин Г.Өсөхбаяртай аяллын хувцас, хэрэгслийн талаар ярилцлаа.

-Аялалын болон мэргэжлийн уулын Columbia, Mountain hardwear брэндийн хувцас, хэрэгслүүд Монголд албан ёсоор худалдаалагдаж эхлээд байгаа. Харин таныг эдгээр брэндүүдтэй хамтран ажиллаж, Монголынхоо нөхцөлд хэрэглэж, туршиж байгаа гэж сонслоо?

-Мэргэжлийн авирагч, уулчид болон аялагчдын өмсч, хэрэглэдэг сүүлийн үеийн технологитой оригиналь аяллын хувцас, хэрэгслүүдийг манайд анхлан “Аянчин Аутфиттерс” компани оруулж ирснийг хүмүүс бүгдээрээ мэдэж байгаа байх. Урьд нь манайд янз бүрийн болсон болоогүй аяллын хувцаснууд хувь хүмүүс зөндөө л авчирч худалдаж байсан. 2010 оноос “Аянчин Аутфиттерс” компани Америкийн аяллын хувцасны нэр хүндтэй компани болох Columbia Sportswear компаний албан ёсны борлуулагч болсон. Mountain Hardwear бол Columbia Sportswear компаний 2003 онд худалдаж авсан охин компани нь. “Аянчин Аутфиттерс” компаний зүгээс надад эдгээр брэндийн аяллын хувцас, хэрэгслүүдийг Монголын нөхцөлд туршин, хамтран ажиллах санал тавьсныг нь би хүлээн авч хамтран ажиллаж байна. Ер нь дэлхийд алдартай том брэндүүд өөрсдийн хувцас, хэрэгслүүдийг албан ёсоор борлуулж буй тухайн орон нутгийн цаг уур, орчин нөхцөлд туршиж, шалгаж байдаг. Энэ утгаараа эдгээр брэндүүдтэй хамтран ажиллаж байгаа юм.

-Өдөр тутмын хувцасны брэнд компаниуд загвар, дизайн дээрээ илүүтэй анхаардаг бол харин аяллын хувцасны компаниуд харагдах байдал гэхээс илүү ая тухтай байдал, технологийн тал дээр онцгой анхаарч ажилладаг. Мэргэжлийн уулчин хүний хувьд танд аяллын хувцасны технологийг таньж мэдэх арвин туршлага байгаа байх?

-Мэдээж тийм. Уулчид бол аяллын хувцас, хэрэгслийг жинхэнэ байгалийн хатуу ширүүн нөхцөл байдалд бодитоор туршиж үздэг хүмүүс. Ямар цаг агаарын нөхцөлд ямар хувцсыг хаана өмсөх вэ гэдгийг бид биеэрээ мэдэрч байдаг болохоор арвин их туршлагатай болсон байдаг л даа.

-Хувцсаа буруу сонгосноос ч юм уу эсвэл зориулалтын бус хувцастайгаар авиралт хийгээд алдсан, хожим түүнээсээ сургамж авсан тохиолдол танд бий юу?

-Хүн бүх юмыг эхнээсээ мэдсэн байдаггүй болохоор надад ч гэсэн иймэрхүү алдаа тохиолдож байсан. Хамгийн харамсалтай нь уулчид, аялагдын дунд хувцсаа зөв сонгоогүйгээс болж хамгийн үнэтэй эрүүл мэнд, бие махбодиороо хохирсон алдаанууд байдаг.

-Сүүлийн үед хүмүүс чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлж, аялаж зугаалах болжээ. Манайхны аялалд өмсдөг хувцас хэрэгслийн сонголтын талаар юу гэж боддог вэ?

-Аялагч өөрийнхөө эрүүл мэндийг хамгийн түрүүнд бодох нь чухал. Манайхан сүүлийн үед гадаад, дотоодод ихээр аялах болсон. Тйим ч учраас зөв аялах талаар хүмүүс суралцаж, аяллын туршлагатай болж эхэлж байна. Аялагч хүн ууланд авирах уу, цанаар гулгах уу эсвэл загасчлах уу гэдгээс хамаарч аяллын хувцас, хэрэгслээ зөв сонгон авч явах шаардлагатай. Хөдөө гадаа, аялал зугаалгаар явах болохоороо цэргийн ногоон хувцас, хөвөнтэй дээлээ өмсч явдаг тэр үе одоо хоцрогдсон шүү дээ.

-Аяллын хувцсыг зөвхөн уул хаданд авирах, дугуй унах, аялалд явах зэрэгт өмсөх биш ердийн үед өдөр тутмын байдлаар ч өмсч болмоор санагддаг? Та өдөр тутамдаа яаж хувцаслах дуртай вэ?

-Аяллын хувцас хүний тав тухыг дээд зэргээр бодож тооцоолсон нарийн технологи дээр үндэслэн хийгдсэн байдаг. Тийм болохоор аяллын хувцас өмсөөд сурчихаар түүнийгээ энгийн үед ч үгүйлээд, өмсмөөр санагдаад байдаг. Хот газар энгийн өдрүүдэд ч өмсөхөөр чөлөөт загвартай, хөнгөхөн, биед эвтэйхэн хувцсуудыг ч Columbia, Mountain Hardwear брэндүүд үйлдвэрлэдэг. Эдгээр хувцаснуудын онцлог нь өмсөхөд хүний биеийн нэг хэсэг юм шиг байдаг. Тйимээс би ч гэсэн өдөр тутамдаа аяллын хувцаснуудаа өмсөх дуртай, биед эвтэйхэн, сайхан санагддаг. 

- Mountain Hardwear брэндийн ялгаа? Мэдээж мэргэжлийн уулчин хүн олон л аяллын брэндийн хувцас өмсч хэрэглэж байсан байх. Энэхүү Columbia, Mountain Hardwear брэндийг  та бусдаас юугаараа ялгарч байна гэж боддог вэ?

-Энэ компанийг олон жилийн арвин туршлагатай компани гэдгийг дэлхийн шилдэг уулчид, аялагчид бүгдээрээ мэддэг. 8000 метрээс дээшхи оргилуудад авирсан дэлхийн олон шилдэг уулчид, авирагчидтай хамтран ажиллаж, туршилт хийлгэж түүний үндсэн дээр шинэ технологиудыг гаргаж хувцсаа үйлдвэрлэдэг нь энэхүү компаний том давуу тал.

Mountain Hardwear брэндийн сүүлийн үеийн технологиуд нь дэлхийн хамгийн хурдан уулчин гэгддэг Швейцарийн уулчин Ueli Steck-ийн Гималайн уулсад хийсэн туршилтад үндэслэн хийгдэж байгаа учраас аялалын  хувцасны брэндүүдийн дунд нэр хүндээрээ томоохон байр суурь эзэлдэг. Columbia брэндийн хувьд аяллын хувцасны зах зээл дээр сүүлийн үед ашиглаж байгаа технологиуд нь хүйтний эсрэг – дулаан хадгалдаг Omni Heat, ус, чийг, тоос шорооноос хамгаалах Omni Shield, хөлс, нойтныг хурдан гадагшлуулж, хатаах Оmni Dry болон OutDry гэх мэт олон шинэ технологиуд байна. Манайхан дунд өвлийн хувцсыг зузаан байх ёстой гэж ойлгодог. Эдгээр технологиуд гарч ирснээр сүүлийн үеийн өвлийн хувцаснууд нимгэн мөртлөө хүйтэнд дааруулдаггүй болсон. Жишээ нь Omni Heat технологитой курткийг өмсөхөд бусад курткээс 20 хувь илүү дулаан байж чаддаг.

Тэгсэн мөртлөө маш хөнгөхөн, нимгэн байдаг.

-Танд баярлалаа. Таны дараагийн аялалд болон та бүхний хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Ж.Нил
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна